УИХ-ын ээлжит бус чуулган нээж байгаатай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр (2019.03.18) хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Нэгдүгээрт, тус бүлэг татварын багц хуулийг дэмжээд явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа юм байна. Гэхдээ татварын орлогыг нэмэгдүүлэхэд ачааллын хүнд нь хаана байна вэ гэдэг асуудал чухал гэж үзэж байгаа бөгөөд олон төрлийн хөнгөлөлт нийгэмд хэр ач холбогдол өгөх, татварын бааз суурийн асуудал зэргээр ярилцах зүйл олон байгаа учраас Сангийн яамны ажлын хэсгийг 11.30 цагт урьж Татварын хуулийн асуудлаар санал солилцохоор болжээ.
Хоёрдугаарт, ашигт малтмалын тухай хуулийн тухайд тодорхойгүй байдал үүссэнээс болж он гарсаар алт тушаалт эрс буурсан нь эдийн засагт буюу валютын нөөцөд тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлж байгаа учраас эрх баригчид уг хуулийг асуудлыг нэн даруй нэг тийш нь болгох хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна.
Ээлжит бус чуулганаар хэлэлцэх дараагийн багц асуудал нь хууль хяналтын байгууллагуудын зарим удирдлагуудыг томилох, чөлөөлөх асуудал. Томилгооны тухайд Ардчилсан намын зүгээс хуулийн дагуу л асуудлыг шийдэх ёстой гэж үзэж байна.