УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр (2019.03.18) хуралдаж, хоёр асуудлаар байр сууриа нэгтгэжээ. Нэгдүгээрт, татварын багц хууль буюу татварын ерөнхий хууль, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, хувь хүний орлогын албан татварын тухай хууль гэсэн татварын гурван хуулийг хэлэлцсэн байна. Энэ хууль нь Засгийн газраас өргөн баригдаад нэг жил орчим болж байгаа. УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг хуулийн төсөл дээр ажиллаж байгаа юм. Ажлын хэсгээс гарсан зарчмын зөрүүтэй зарим саналуудыг бүлэг дээр ярилцаж тодорхой шийдлүүдэд хүрчээ.
Ингээд татварын гурван хуулийг ээлжит бус чуулганаар яаралтай баталж гаргах нь зүйтэй юм гэсэн шийдвэр гарсан байна.
Хоёрдугаарт, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцжээ. Энэ нь алтны татварыг 2.5 хувь болгох асуудлыг 2023 он хүртэл сунгах хуулийн төсөл байгаа. Уг хуулийн төслийг бүлэг өмнө нь хэлэлцээд унаж байсан бол энэ удаад дэмжихээр болжээ.
МАН-ын бүлгийн дарга энэ талаар “Монголбанкинд тушаах алтны хэмжээ 81 хувь хүртэл буурсан. Тийм учраас алтны тушаалтыг нэмэгдүүлэх, цаашдаа валютын нөөцийг бий болгох үүднээс энэ асуудлыг дэмжих нь зүйтэй юм гэж үзээд хуулийн төслийг дэмжиж УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон” гэсэн тайлбарыг өглөө.
Энэ удаагийн ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад найман асуудал орсон. Үүнд татварын гурван хууль, төрийн болон орон нутгийн хөгжлийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон томилгоотой холбоотой гурван асуудал багтаж буй.
Энэ долоо хоногийн УИХ-ын байнгын хороо, ажлын хэсэг, чуулганаар хуулийн төслүүдийг хэлэлцэх гэнэ. Тиймээс томилгоотой холбоотой гурван асуудлыг ойрын үед МАН бүлгийн хурлаараа хэлэлцэж, байр сууриа нэгтгэх юм байна.
ЗХЖШ-ын даргыг, Ерөнхий прокурорын орлогчийг томилох асуудлыг УИХ-тай зөвшилцдөг. Мөн АТГ-ын дарга, дэд даргын асуудлыг хэлэлцэнэ.