Зам, Тээврийн Хөгжлийн Яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбалын үйлдсэн хэрэгт холбогдох шүүх хуралдаан өнөөдөр 10:00 цагт эхэллээ. Хоёрдугаар сарын 27-нд зарлагдсан анхны шүүх хурал хойшлуулах шалтгаан бий болсон гэж үзээд шүүгчид хойшлуулсан.
Долоон сарын өмнө Б.Махбалыг Зам тээвэр хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын даргаар ажилладаг Г-ийн амийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татан шалгаж эхэлсэн юм.
Энэ удаагийн шүүх хуралд ЗТХ-ийн дэд сайд асан Б.Цогтгэрэл оролцох хүсэлтээ байгаагаа сошиалд мэдэгдээд байна. Даваа гарагт шүүх хурал болно. Би очно. Ердийн нэг харилцан зодоон болгоод хаах гэсэн нөхдийн багийг нь хуулцгаая хэмээн тэр жиргэжээ.
Гэмт хэрэг үйлдэгдсэн 2018 оны долдугаар сард Цагдаагийн байгууллага “Зам тээвэр хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын даргаар ажилладаг 38 настай Г-г Төрийн захиргаа удирдлагын газрын дарга 48 настай М хохироож, амь насанд нь хүрсэн болохыг шалтгалтын явцад тогтоосон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Хэргийн шалтгааныг албан тушаалын маргаан байсан мэтээр ташаа мэдээлэл гарч байна. Хувийн таарамжгүй харилцаатай байсныг илрүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир хэргийг урьдчилан тогтоох боломжгүй” хэмээн мэдээлж байсан юм.
Шүүх хуралдаанд хохирогчийн ар гэр болон өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч ирсэн бөгөөд гэрчээр ЗТХЯ-ны дэд сайд асан Б.Цогтгэрэл оролцохоор иржээ.
Шүүх хуралдааныг хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй эхлүүлсэн ч асуулт, хариулт, хэлэлцүүлгийн явцыг хаалттай үргэлжлүүлэхээр боллоо.