Авлига, хээл хахууль болон бусад хэлбэрээр давуу байдал олгох, олж авах нь бизнес дэх шударга өрсөлдөөнийг хязгаарлаж, зүй ёсны хөгжил, бодит өсөлтийг сааруулж байна. Иймд цаашид бизнесийн орчныг хэрхэн шударга, авлигагүй болгох вэ гэдгийг бизнесийн салбарын төлөөллүүд өчигдөр (2019.03.14) “Шударга өрсөлдөөн ба авлига” хэлэлцүүлгийн үеэр хөндөн ярилцлаа.
“Блю Скай” зочид буудлын “Топаз” танхимд болсон тус хэлэлцүүлэгт Азийн сангаас хийсэн Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал 2018 судалгааг танилцуулсан юм. Уг судалгааг Сант Марал сантай хамтран нийслэл Улаанбаатар хотод байрладаг аж ахуйн нэгжүүдийн дунд 2018 оны аравдугаар сард ес дэх удаагаа явуулжээ.
Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал судалгаа нь Канадын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр Азийн сангаас хэрэгжүүлж буй “Ардчилсан оролцоотойгоор төрийн албанд сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх нь” (STEPS) төслийн үйл ажиллагааны нэг бүрэлдэхүүн хэсэг аж. Энэ судалгаа нь бизнес эрхлэгчдийн ойлголт, төсөөлөлд тулгуурлан авлига бизнесийн орчинд хэрхэн нөлөөлж буйг харуулахыг зорьдог хэмээн хэлэлцүүлгийг зохион байгуулагчид онцолж байв.
Судалгаанд оролцогчид Татварын алба, Мэргэжлийн хяналт болон Гаалийн байгууллагыг бизнес эрхлэхэд хамгийн их саад бэрхшээл учруулж буй төрийн байгууллагаар онцлон нэрлэжээ. Дээрхи гурван байгууллага авлигад хамгийн ихээр өртсөн хэмээн Азийн сангийн засаглалын хөтөлбөрийн менежер А.Баянмөнх ярилаа.
Тус судалгаанаас харахад хэдийгээр эдийн засаг сэргэх тодорхой шинж тэмдэг харагдаж байгаа ч 2017 оныхтой харьцуулахад бизнесийн орчин дордсон гэж бизнес эрхлэгчид үзжээ. Энэ сөрөг үнэлгээ 2018 онд 84.8%-тай байгаа нь өмнөх жилээс 3.9%-иар өссөн үзүүлэлт байна.
АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү “Зөвхөн судалгаа яриад өнгөрч болохгүй. Цаашид авлига гарах шалтгаан нөхцөл болоод байгаа хүчин зүйлсийг арилгах зорилготой учраас манай байгууллага холбогдох байгууллагуудтай хамтран шалтгааныг нь тодруулж арилгах ажлыг зохион байгуулж байна” хэмээн тодотголоо.
Мөн тус хэлэлцүүлэгт илтгэл тавьсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын Орон тооны гишүүн С.Цогтгэрэл “Шударга байдлын үнэлгээ жил дараалан буурч байна. Энэ үнэлгээ буурч байгаа нь гадаадын хөрөнгө оруулалт буурах нөхцлийг бүрдүүлдэг” гэлээ.
2018 онд бизнесийн орчинд тулгарсан гол хоёр саад бэрхшээл нь “өндөр татвар”, “тусгай зөвшөөрөл, лицензийг шинээр авах, сунгуулах” зэрэг байна. Эдгээр асуудлыг үр дагавар хэвээр байгаа нь энэ талаар мэдээлж буй судалгаанд оролцогчдын тоо нэмэгдсэнээс харагдсан хэмээн Азийн сангийнхан мэдээлжээ.
Бизнесийн орчны үнэлгээтэй холбоотой Азийн сангийн судалгаагаар олж авсан тоо баримтаас үзвэл 2017 онд нөхцөл байдал сайжирсан нь харагдаж буй бөгөөд энэ нь эдийн засаг сэргэснийг гэрчилж байгаа юм. Гэсэн хэдий ч 2018 онд Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал судалгааны оролцогчид бизнесийн орчинд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ.
Монгол Улсад авлига хэр их тархсан талаар олон нийтийн сүүлийн жилүүдэд өөрчлөгдсөн, 2014 оны гурван сартай харьцуулбал хүмүүс авлигын бүх хэлбэрийг өргөн тархсан гэж үзэж буй аж. Төрийн албан тушаалыг хувийн ашиг сонирхолд ашиглах явдал 2014 оны үнэлгээнд эхний хоёр байрыг эзлэж байсан нь 2018 онд хэвээр байжээ.Гэхдээ олон нийт үүнийг илүү өргөн хүрээг хамрах болсон гэж үзсэн байна.