“Россотрудничество” агентлагийн Монгол дахь төлөөөлөгчийн газар Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд /РЦНК/ “Оросын Боловсролын Үзэсгэлэн-2019” үзэсгэлэнгээ нээлээ. Дөрөв дэх удаагаа зохион байгуулж буй үзэсгэлэн энэ сарын 14-16-ны хооронд зохион байгуулагдах аж.
Үзэсгэлэнд ОХУ-ын тэргүүлэх 20 гаруй их, дээд сургуулиуд оролцох юм байна. Үзэсгэлэнг зохион байгуулагчид Монголд үйл ажиллагаа явуулдаг орос хэлний сургалттай ЕБС-иудын ахлах ангийн сурагчид, их дээд сургуулиудын бакалавр, магистрын түвшний оюутан, ОХУ-ын их, дээд сургуулиудын төгсөгчид оролцож сонирхсон асуултандаа хариулт авах боломжтой хэмээв.
ОХУ-д суралцах хүсэлтэй оюутан, залуучуудыг “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яам БСШУЯ-тай хамтран сонгон шалгаруулж, ОХУ-ын их дээд сургуулиудад суралцах эрхийг олгодог байна.
ОХУ жил бүр 15 мянга орчим оюутныг Засгийн газрын тэтгэлэгт хамруулан сургадаг байна. Энэ уламжлалын дагуу 2018 онд Монгол Улсаас 500 оюутан хүлээн авсан бол 2019 онд энэ квотод өөрчлөлт орохгүй гэж үзэсгэлэнг зохион байгуулагчид мэдэгджээ.