Японы Засгийн газар болзошгүй пуужингийн довтолгооны халдлагад эрчимтэй бэлдэж эхэлсэн байна. Японы Засгийн газар баасан гаригт (2017.04.21) пуужингийн болон бусад довтолгооны үед биеэ хэрхэн авч явах тухай зөвлөмж гарган иргэддээ танилцуулжээ. Тус зөвлөмжид Хойд Солонгосоос харвасан баллистик пуужин 1600 км замыг туулж Окинава аралд хүрэх ба 10 минутын дараа байндаа хүрэхийг анхааруулсан байна.
Зөвлөмжид J-Alert урьдчилан зарлах системээр түгшүүрийн дохио өгсний дараа гэртээ байгаа бол хаалга цонхоо битүүлэн цонхноос хол байх, мэдээллийн хэрэгслээр ямар мэдээлэл ирэхийг анхааралтай хүлээх хэрэгтэйг сануулжээ. Харин гадаа явж байгаа бол ойролцоох бат бөх хийцтэй байшинд хоргодох, газар доор хонгилд нь хоргодвол илүү сайн гэж зөвлөсөн байна.
Хэрвээ ойр орчимд хоргодох байшингүй бол газар хэвтэж, толгойгоо хамгаалах ба автомашинтай яваа хүмүүс түргэний машинд саад болохгүйн тулд машинаа замаас гаргаж байрлуулаад түргэн холдох хэрэгтэй. Пуужин ойрхон дэлбэрвэл хамар, амаа алчуураар таглан яаралтай холдох хэрэгтэй юм байна. Англи, Япон хэл дээр гарсан тус зөвлөмжид далайгаас болон агаараас эзлэн түрэмгийлэх тохиолдлуудад хэрхэн ажиллах ёстойг мөн нарийвчлан тайлбарлажээ.