Сэтгүүлч А.Баярмаа: Цаг хугацаа бүгдийг шүүдэг. Үнэн ялах болно

Стандарт Хэмжил Зүйн Газрын (СХЗГ) дарга Г.Гантөмөрийн хууль бус үйлдлийн талаар жил гаруйн хугацаанд эрэн сурвалжлах нийтлэл бичиж нийтэлсэн Dorgio.mn-н сэтгүүлч А.Баярмаагийн ярилцлагыг хүргэж байна.

-Таныг СХЗГ-ын дарга Г.Гантөмөрийн хууль бус үйлдлийн талаар нийтлэл гаргасныхаа төлөө цагдаа шүүхээр жил гаруй явсныг мэдэх юм. Энэ талаараа ярина уу?

-Тийм ээ. Би СХЗГ-ын дарга Г.Гантөмөрийн хууль бус үйлдлийн талаар сонсож байсан учраас сэтгүүлчийнхээ хувьд 2017 оны сүүлээс энэ талаар эрэн сурвалжлага хийсэн юм.

Ингээд хэд хэдэн ноцтой баримт олж авч түүнийхээ дагуу нийтлэл гаргасан. Нийтлэл гаргах тоолонд СХЗГ-ын хэсэг албан тушаалтан намайг цагдаа, шүүхэд өгч дарамтлах ажиллагаа хийж эхэлсэн. Энэ нь намайг мохоох биш харин ч улам хурцалж асуудлын гүн рүү орж судлах эрч хүчийг өгч байсан тул илүү гүнзгий судалж, баримт цуглуулж тэр болгондоо нийтлэлээ гаргаж байлаа.

-Г.Гантөмөр даргын хууль бус ямар үйлдлүүдийн баримт олж байв?

-Тэр бүгдийг одоо тоочвол хугацаа их орох байх. Гол хоёр асуудал нь СХЗГ-ын хэсэг албан хаагч Х, Д, Н нар үнэт цаас тамга тэмдэг хуурамчаар үйлдэж улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг Г.Гантөмөр дарга нуун дарагдуулсан байж болзошгүй асуудал.

Хууль дүрмээрээ бол хууль бус үйлдлийг СХЗГ-ын дарга Г.Гантөмөр мэдсэн даруйдаа цагдаагийн байгууллагад мэдэгдэж шалгуулах үүрэгтэй. Гэтэл цагдаад мэдэгдэлгүй тэднийг зүгээр л ажлаас нь халаад өнгөрсөн нь тухайн хүмүүстээ шийтгэл биш шагнал болсон гэж харагдаж байгаа юм. Үүний цаана авлигын хэрэг ч байхыг ч үгүйсгэхгүй. Гэтэл энэ асуудлыг сэтгүүлч намайг хөндөж тавьсны дараа буюу тэр хүмүүсийг халснаас хойш хоёр жилийн дараа нуусан хэргээ бусад руу чихэх гэсэн башир арга хэрэглэхийг оролдсон байдаг. Мөн Европын холбооны санхүүжилтээр хэвлэгдсэн олон сая төгрөгийн үнэ бүхий Стандартын номыг зарж борлуулаад мөнгийг нь төрийн дансанд тушаадаггүй, санхүүгийн тайланд тусгаагүй, албан бус санхүүгийн баримт, хүчингүй тамга тэмдэг гэх мэт сэжиг бүхий олон хууль бус үйлдлийн талаар би баримт нотолгоотой найман нийтлэл гаргасан. Хэн нэгнийг гүтгэсэн, нэр төрд нь халдсан зүйл огт байхгүй. Баримт нотолгоо, судалсан мэдээлэл дээрээ тулгуурлаж нийтлэлээ бичсэн.

-Зарим асуудлыг нь хуулийн байгууллага шалгаад гэм буруугүй гэж тогтоосон гэж СХЗГ-аас мэдээлэл гаргасан санагдаж байна.

-АТГ энэ асуудлыг шалгасан боловч нотлогдохгүй байна гээд хаасан. Энэ талаар АТГ-ын ОНЗ-ын дарга Г.Баасан хүртэл ярьсан шүү дээ. “Баримт нотолгоотой, гэрчтэй ийм тодорхой хэргийг АТГ илрүүлж чадахгүй байгаа нь харамсалтай” гэж. Үнэндээ тийм л юм болсон. АТГ-ын байцаагчийн ур чадвар нь хүрсэнгүй юу эсвэл өөр шалтгаан байсан уу мэдэхгүй. Ямар ч байсан илт тодорхой байгаа асуудал дээр нүдээ аниад өнгөрчих шиг боллоо. Энэ нь эргээд тэр хүмүүст улам даврах боломжийг өгсөн. Хуулийн байгууллага албан тушаалтнуудын эсрэг хүчин мөхөстөөд байна уу гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн.

Мөн надад хууль бусаар торгууль оногдуулсан цагдаа ч гэсэн албан тушаалтнуудад үйлчилсэн гэж би боддог. Харин анхан шатны шүүхийн шүүгч маань шударга хүн байсан учир цагдаагийн оногдуулсан торгуулийг хүчингүй болгох шийдвэр гаргасан.

-СХЗГ-т ажиллаж байгаад Г.Гантөмөр даргын хууль бус үйлдлийг анх илчилснийхээ дараахан ажлаасаа халагдсан Б.Ариунаа “Асуудал дуусаагүй, хуулийн байгууллага дээр үргэлжилж байгаа тул энэ талаар ярилцлага өгөх боломжгүй байна. Бүх юм эцэслэгдсэний дараа ярилцлага өгч, хэвлэлийн хурал хийнэ, үнэн ялах болно гэдэгт итгэж байна” гэсэн тайлбарыг өгсөн гэсэн. Та энэ хүнийг мэдэх үү?

-СХЗГ-ын асуудлаар шүүх, цагдаагаар явж байхдаа Б.Ариунаа эгчтэй уулзаж танилцсан.

Б.Ариунаа нь СХЗГ-т нэгжийн дарга бөгөөд ҮЭХороон дарга хийж байгаад СХЗГ-ын хэсэг удирдах ажилтнуудын хууль бус үйлдлийн шалгуулахаар АТГ-т хандсаныхаа дараахан тэдгээр хүмүүст элдвээр гүтгэгдэж, хэлмэгдээд ажлаасаа халагдсан шударга төрийн албан хаагч гэж би ойлгодог.

Одоохондоо эрх мэдэлтэй хүмүүс хүссэнээ хийж байна. Энэ бол түр хугацааны л зүйл. Бид хоёрыг СХЗГ-ын дарга Г.Гантөмөр цагдаа шүүхэд өгч айлгаж, залхаана гэж бодсон байж магадгүй. Гэвч үнэний төлөө явж байгаа учраас айх зүйл үнэндээ байсангүй. Цаг хугацаа бүгдийг шүүдэг. Бидний зөв байсан гэдэг нь цаг хугацааны аясаар ил болох болно.

Хэрэг хуучирдаггүй учраас өнөөдөр хуулийн байгууллагатай хуйвалдаж хүссэн шийдвэрээ гаргуулж байгаа албан тушаалтнуудын хэрэг цагийн аясаар ил болох болно. Бид шударга бус зүйлтэй эвлэрээд бууж өгнө гэж байхгүй, хууль бус үйлдэл хийсэн албан тушаалтнууд үнэнд гүйцэтгэх цаг ирдэг гэдгийг харуулах болно. Энэ бүхнийг үнэн зөвөөр нь шийдчих шударга хүмүүс ч хуулийн байгууллагад байгаа гэдэгт итгэдэг.

Өчигдөр СХЗГ-ын дарга Г.Гантөмөрийн ярилцлага хэд хэдэн сайтаар гарсныг олж харсан. Г.Гантөмөр “Дээд шүүхийн шийдвэр гарсан. Би хууль бусаар хүн халаагүй” гэж ярьсан байна лээ.

Дээд шүүх ч гэсэн алдаатай шийдвэр гаргадаг юм байна гэдгийн эндээс би харлаа. Мөн ганц Б.Ариунаа гэдэг хүний эсрэг бүлэг этгээд явж байгаа учраас ямар ч гаднын нөлөө орох боломжтой.

Г.Гантөмөр гэдэг хүн ингээд болчихлоо, би ялчихлаа гэж бодож байх шиг байна.

Бидний хувьд харин үнэн ялах уу худал ялах уу гэдэг тэмцэл жинхэнэ утгаарай яг одоо л эхэлж байна. Шударга бус зүйлтэй тэмцэхэд маш их хүчин чармайлт, цаг хугацаа ордог юм байна гэдгийг олгосон. Энэ бүгд дээр хуулийн олон гаргалгаа байгаа. Бидний ар талд хуулийн зөвлөгөө өгч, дэмжиж байгаа олон сайхан найз нөхөд минь байгаа учраас шантрах эрх байхгүй. Ямар ч хугацаанд үргэлжилсэн хамаагүй бидний үнэн байсан гэдгийг заавал нотлох болно. Шударга бус зүйл хийж байгаа хүмүүст хандаад хэлэхэд бага дээр нь наад үйлдлүүдээ зогсоохгүй бол асуудал чинь улам л хүндрээд байгаа шүү гэдгийг сануулъя.

Ярилцсан: Г.Эрдэнэ

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн