Оросын гурван хүний нэг нь хиймэл оюун ухаан хөгжсөнөөр ажлаа алдана гэж айж байгаа дүр зураг олон улсын судалгааны BCG компаниас Орост хийсэн судалгаа харуулжээ. Судалгааны дүнгийн талаар РИА Новости мэдээлсэн байна. BCG компани энэ судалгаагаа дэлхийн 30 улсад нийт 13 мянган хүнийг хамруулан хийжээ. Оросын судалгааны дүнгээр оролцогчдын гуравны нэг нь хиймэл оюун ухаан хөгжих нь ажлын байрыг булаах аюултай гэж үзжээ.
Энэ айдас ялангуяа төрийн албан хаагчдад илүүтэй хамаатай байгаа юм. Одоогийн боловсролын систем хүүхдүүдийг дижитал давамгайлсан, хиймэл оюун ухаан хосолсон хөдөлмөрийн зах зээлд бэлдэж чадахгүй байна гэж 32 хувь нь хариулсан байна. Хиймэл оюун ухаан нэвтэрснээс үүдэлтэй харилцаа, ёс зүйн этикийн маргаантай асуудлууд үүснэ хэмээн оросуудын 35 хувь нь үзжээ. Мөн 32 хувь нь хиймэл оюун ухаан зөв дүн шинжилгээ хийж чадна гэдэгт итгэхгүй байгаа ажээ.
Хиймэл оюун ухааныг аль салбарт илүүтэй хэрэглэвэл зохистой вэ гэсэн асуултад татварын алба /55 хувь/, нийгмийн үйлчилгээ /55 хувь/, бүртгэлийн алба /53 хувь/, аж үйлдвэрийн салбар, тэр дундаа төхөөрөмж угсрах /53/ дамжлагад ашиглах нь зүйтэй гэсэн байна. Харин хууль сахиулах болон шүүх ажиллагаа /48 хувь/, эмчилгээ, оношилгоонд /33 хувь/ ашиглах нь тохиромжгүй гэжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ