Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдаан өчигдөр (2019.03.13) болж, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Давж заалдах шатны шүүх хэргийг цагаатгасан юм.
АТГ-аас Р.Эрдэнэбүрэнг 2016 оны дөрөвдүгээр сард хөрөнгө орлогоо их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг тайлбарлаж чадаагүй гэсэн үндэслэлээр шалгасан байдаг.
Тодруулбал, 380 сая төгрөгөөр орон сууц худалдан авснаа үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэдэг. Р.Эрдэнэбүрэн нь уг орон сууцыг авахдаа дүүгийнхээ орон сууцыг худалдсан, хувиараа бусдад мөнгө зээлсний төлбөр, найз Ж.Гантөгсөөс мөнгө зээлж байр авсан” гэх зэргээр тайлбарлаж байжээ. Гэвч Ж.Гантөгс нь “би мөнгө зээлээгүй” гэх тайлбар хийж байснаа сүүлдээ “зээлүүлсэн” гэж мэдүүлгээ өөрчилжээ.
Улмаар энэ хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд гэмт хэргийн шинж тогтоогдсонгүй гэж үзэн, хэрэгсэхгүй болгожээ. Давж заалдах шатны шүүх хурлаас мөн анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр баталсан бөгөөд Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.