Иргэдийн дунд буйлны үрэвсэлт өвчин элбэг байгааг эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Буйлны үрэвсэл нь шүдний тулгуур эдийг гэмтээж цаашид архаг өвчин болох аюултай байдаг гэнэ. Тиймээс даамжрахаас нь өмнө эмчлэх нь чухал. Энэ өвчлөлөөс сэргийлэх хамгийн эхний алхам нь шүдэнд өнгөр суулгахгүй байх юм. Өнгөр нь бактери, шүлс, хоолны үлдэгдлээс тогтдог. Хэрэв шүдний өнгөрийг цэвэрлэхгүй бол шүдний чулуу үүснэ. Энэ нь цаашлаад буйлын үрэвсэл болдог байна. Бид онцын өвдөлт, зовиур бага тул хаа нэг шүднээс цус гарахыг тоохгүй явсаар хүндрүүлдэг тал бий. 6-10 жилийн дараа аль нэг эрхтэн системд өвчлөлийн эх суурь тавигдсан байх эрсдэлтэй.
Тухайлбал, буйлны үрэвсэлтэй ч эмчлүүлэхгүй удаан явбал цусны хорт хавдраар өвчлөх магадлал 30, бөөрний хорт хавдар 49, зүрхний шигдээсээр нас барах магадлал 29, тархинд цус харвах магадлал 28, элэгний циррозоор өвчлөх магагадлал 30 хувь байдаг байна. Хамгийн сүүлд улаан хоолойн хорт хавдар үүсгэгч нь энэ нян гэдгийг тогтоосон байна. Тэр бүү хэл, залуужаад байна гэж шуугиад байгаад зөнөгрөх өвчний шалтгаан нь мөн л буйлны үрэвсэл болохыг тогтоожээ. АНУ-д гэхэд нийт хүн амын 70-75 хувь нь буйлны үрэвсэлтэй. Буйлны үрэвслийн хүнд хэлбэртэй, буйлны үрэвслийн шалтгаантайгаар эргэшгүйгээр өвчинтэй болсон насанд хүрэгчдийн 45 хувь гэсэн судалгаа гарсан байна.
Монголчуудын тухайд 90 орчим хувь гэж 2017 онд Нүүр ам судлалын сургуулиас хийсэн судалгаанд дурдагджээ. Буйлны үрэвсэлтэй холбоотой эмч нарын зөвлөгөөг хүргэж байна. Ц.Базаррагчаа: Буйлны үрэвсэл хорт хавдрын эх үүсвэр олдог /Амны хөндийн нян судлаач/ -Хүний бие нянгийн байнгын дайралтад байгаад байвал эрүүл эд, өвчилсөн эд болно. Олон жил ийм байдалтай байвал хавдрын урьтал шатанд очиж эдгэшгүй байдал үүсдэг. Манайхны хувьд буйлны үрэвслийг амьнаас хол юм чинь гээд тоодоггүй. Амны хөндийн нян судлаачид төдийгүй АНУ, Европын зүрх судас, нойр булчирхай, эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар холбоод сүүлийн 30 гаруй жил судлаад нэг л зүйл дээр анхаарлаа хандуулж байна.
Олон өвчний эх үүсвэр, том шалтгаан нь амны хөндийд байдаг. Тэр бүү хэл буйлны үрэвслийн нянгаар халдварладаг. Буйлны үрэвсэл тодорхой хугацаанд үе шаттайгаар явагддаг. Нууц үедээ мэдэгдэхгүй тээгч болоод явж байдаг аюултай. Статистикаас харахад манай улсад чихрийн шижин, нойр булчирхайн өвчлөлт өндөр. Эднийг үүсгэдэг нэг том шалтгаан нь буйлны үрэвсэл юм. Х.Оюунхишиг: буйлны онцлогт тааруулж сойзоо зөв сонгоорой /АШУҮИС-ийн багш докторант/ – Буйлны үрэвсэл нь хүний эрүүл буйлны бүтэц нь өнгө, хэлбэрийн хувьд алдагдаж өөрчлөгдөх явц. Нянгаар үүсгэгддэг халдварт өвчин юм.
Буйлны үрэвслийн шинж тэмдгүүд нь шүд, буйлаа угаах үед бага зэрэг цус гарах, шүлсээ сороод хаяхад цустай байх, буйл хавагнаж үрэвсэх, буйлны өнгө тод улаан, хүрэн туяатай байх, амнаас эвгүй үнэр гарахаар илэрдэг. Хүмүүс ихэнхдээ буйлнаас нь цус гараад эхлэхээр сойз хүргэхээс зайлсхийсээр шүдээ маш бага угаах, зарим нь бүр огт угаахаа больдог. Ингэснээр буйл шүдний завсарт цайвар шар өнгийн өнгөр буюу бидний идсэн хоол хүнсний үлдэгдэл шүдэнд наалдан тогтсоноор шүдний гадаргуу дээр чулуу үүсэх нь түгээмэл байдаг. Иймд буйл, шүдний тулгуур эдийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах нь зүйтэй юм.
Ер нь бол өөрийн буйлны онцлогт тааруулж сойзоо зөв сонгох, шүдээ тогтмол зөв угаах, шүдний завсар хооронд наалдсан хоолны үлдэгдлийг шүдний утсаар цэвэрлэж байх нь энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх чухал арга. Буйлны үрэвслийг эрт үед нь эмчлүүлээгүйгээс болж бидний нүдэнд ил харагдахгүй байдлаар буйлны доогуур чулуу үүсч улмаар шууд өөрөө суларч хөдөлгөөнд орон унах тохиолдол их байдаг. Үүнийг шүдний тулгуур эдийн өвчин хэмээн нэрлэдэг. Тэгэхээр хүмүүс буйлаа үрэвсэхэд тоохгүй байж болохгүй.
Эх сурвалж: