Жил бүр болдог “Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага -2019” ээлжит хуралд Монголбанкнаас илтгэл тавьж оролцлоо. Тус хурлыг Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголбанкны Судалгаа, статистикийн газар, Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн хамтран Жайка байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм. Хоёр салбар хуралдааны хүрээнд нийт арван хоёр илтгэлийг хэлэлцүүлсэн хурлын үндсэн хэсэгт Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир “Эдийн засгийн эмзэг байдлын шинжилгээ: Балансын аргачлал”, Дэлхийн банкны группийн Олон улсын санхүүгийн корпорацын хувийн секторын ахлах мэргэжилтэн Хавиер Форнерс “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны шинэчлэлтийн зураг” илтгэлийг тус тус танилцууллаа. Хуралд эдийн засаг, санхүүгийн салбарын бодлого боловсруулагчид, судлаачид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, оюутнууд болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд тулгамдаж буй асуудлууд тэдгээрийг шийдвэрлэх арга замуудын талаар байр сууриа илэрхийллээ.
Энэ үеэр судлаачид эдийн засгийн төлөв байдлыг дүгнэхдээ эмзэг хэвээр байхыг онцлоод, урт хугацаанд гадны хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр нөхцөл байдлыг сайжруулахаас өөр аргагүй байгааг хэлсэн юм. Манай улсын хувьд уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн бүтэц нь удаан оршин тогтнох боломжгүй тул хөдөө, аж ахуй, аялал жуулчлал гэсэн бусад салбаруудаа хөгжүүлэх, үүнд хэрхэн яаж гадны хөрөнгө оруулалтыг татах вэ? гэдэг бодлого чухал байгааг Дэлхийн банкнаас илтгэл тавигч сануулж байлаа. Одоогийн нөхцөл байдлаас харахад Монгол Улсад гадны хөрөнгө оруулалт хангалтгүй байгаа нь эрсдэлтэй улс оронд тооцогдох болсонтой холбоотой болохыг судлаачид анхааруулж байна.
Иймд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхийн тулд эрсдэлээс хамгаалсан төрийн зохицуулалтыг бүрдүүлэх шаардлага бий гэж байв. Ийнхүү тогтвортой орчныг бүрдүүлж чадсан цагт манай улс уул уурхайгаас хараат бус экспортын орлогын нэр төрлөө нэмэгдүүлэх бүрэн боломж байгааг санал нэгтэй дүгнэж байлаа.