Венесуэл улсад өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригаас эхлэн орон даяар тог цахилгаангүй болоод байсан юм. Харин АНУ-ын зүгээс өчигдөр буюу мягмар гаригт өөрсдийн дипломат ажилчдаа Венесуэл улсаас эгүүлэн татсан байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарка Майк Помпеогийн тайлбараар Венесуэл улсад үүсээд буй нөхцөл байдал улам ширүүсэж нийтийг хамарсан эмх замбараагүй байдал газар авах төлөвтэй байгаа учраас өөрийн улсын иргэдээ эх оронд нь буцаасан аж. Ерөнхийлөгч Николас Мадурогийн засаг захиргаа улс орон даяар тог цахилгаангүй болсон явдлыг хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзэж байгаа юм.
Венесуэл улсын Ерөнхий прокурор Тарек Саабын мэдээлснээр энэ хэрэгт өөрийгөө Венесуэл улсын ерөнхийлөгч гэж зарлаад байгаа сөрөг хүчний тэргүүн Хуан Гуйдог мөрдөн шалгаж байгаа аж. Мөн түүнийг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн нийтийг эмх замбараагүй байдалд уриалан, турхирсан гэсэн үндэслэлээр шалгаж байгаа юм. Харин Ерөнхийлөгч Николас Мадурог эсэргүүцэгчид тог цахилгаангүй болсон явдлыг хуучирч муудсан цахилгаан дамжуулах системтэй холбон тайлбарлаж байгаа аж. Мөн улсдаа амар тайвныг тогтоож, гүн хямралд ороод буй эдийн засгаа сэргээх зорилготой сөрөг хүчний тэргүүн Хуан Гуйдог ямар нэгэн байдлаар шоронд оруулахын тулд бүхий л арга хэмжээг авч байна гэж үзэж байгаа юм.
Венесуэл улс тог цахилгаангүй болсноор улс орон даяар цэвэр усны гачигдал үүсээд байгаа аж. Бүхэлдээ тус улс нь хүнс тэжээлийн гачигдалд нэрвэгдэж хүмүүнлэгийн гамшигт өртөөд байгаа юм. Гэвч Николас Мадурогийн засаг захиргаа улс орондоо гаднын тусламж дэмжлэг авахаас татгалзаж шаардлагатай цэгүүдэд улсын хилээ хаасан юм. Олон улсын шинжээчид болон НҮБ-ын албаны хүмүүсийн зүгээс Венесуэл улсын засаг захиргааг улсдаа нүүрлээд буй хүмүүнлэгийн гамшигт дорвитой арга хэмжээ авахын оронд улс төрийн баривчилгаа хийж, гэм зэмгүй олон сэтгүүлчдийг баривчилж байгааг буруутгаж байгаа аж. Энэ жил буюу 2019 он гарснаас хойш нийт 35 сэтгүүлч болон гаднын иргэдийг барьж хорьсон байна. Эдгээр хүмүүсийг мөрдөн байцаах ажлыг Венесуэлийн Тагнуулын алба хийж байгаа бөгөөд баривчилгаа бүрд ямар ч тайлбар өгөхгүй байгаа юм.
Эх сурвалж: The Washington Post