Түрүүч нь… Хулгайчийн энгэрт Г.Жуковын одон “зүүж”, Ж.Лхагвасүрэн жанжны гар бууг өгөөд явуулжээ
Музей бол түүх, соёлын дурсгал, хосгүй үнэт өвийг төрийн нэрийн өмнөөс хадгалж, хамгаалахын зэрэгцээ хойч үед сурталчлан таниулж, Монголоо гэсэн бахархлаар хөглөж ирсэн улсын маань эрдэнийн сан билээ. Дээр нь соёлын өвөө гадаад, дотоодын жуулчдад дэлгэн сонирхуулж улсын төсөвт орлого төвлөрүүлж байдаг “мөнгөний авдар” юм. Тэгвэл “Монгол цэргийн музей” хадгалж, хамгаалж байх ёстой түүх соёлын өв, эд өлгийн зүйлд туйлын хайхрамжгүй хандсаныг манай сонин өмнөх дугаартаа мэдээлсэн.
Тэрхүү үйлдэл болгон нь адал явдалтай. Араас нь хөөж сурвалжлах бүрт адармаатай баримтууд хөвөрч байна. Бусадтай харьцуулахад Монгол цэргийн музейгээс маш олон тооны эд өлгийн зүйлс алга болсон, хольж сольсон зэрэг зөрчил илэрсэн байдаг. Хамгийн сонирхолтой нь тэнд хэн ч хариуцлага хүлээгээгүй байх юм. Хэргийн мөрөөр цагдаагийн байгууллага шалгасан ч олон жилээр сунжруулж бүдгэрүүлсэн, эцэст нь хэрэгсэхгүй болгосон, түдгэлзүүлсэн байдаг аж. Музейн ажилтан нэлээн дээрээс, эрх мэдэлтэй, мөнгөтэй нэгнээс ирсэн захиалгыг гүйцэлдүүлдэг үү, эсвэл соёлын өвийн талаар ямар ч мэдлэггүй, ажилдаа хайнга ханддаг хүмүүс томилогдоод байдаг уу.
Эсвэл музейд байгаа “Тийм зүйлийг аваад өг” гэсэн даалгавар хаанаас ч юм бэ ирдэг, тэрийг нь биелүүлэхгүй бол ажлаасаа халагддаг. Биелүүлсэн тохиолдолд албан тушаал дэвшүүлдэг үү. Монгол цэргийн музей түүхийн дурсгалтай “байлддаг” юм шиг яагаад эд зүйлүүдээ алдаж, устгуулж, сураггүй болгоод байдаг юм бэ. Монгол цэргийн музейд гарсан анхны хулгайн гэмт хэрэг 2000 оны арваннэгдүгээр сарын 2-3-нд шилжих шөнө гарч үзүүлэнгийн танхимаас тухайн үеийн үнэлгээгээр 3.5 сая төгрөгийн 16 ширхэг үзмэр алдагджээ. Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэр гурван жилийн дараа /2003.9.18/ гарсан ч гэмт хэрэгтэн хүн амины хэргээр цаазаар авахуулсан тул хэрэгсэхгүй болгосон байна.
Соёлын өвийг хулгайлсан Ш.Ганбат гэгч нь музейн ажилтан байсан бөгөөд “Дээвэр дээр суудаг Карлсон” зохиолын гол баатар шиг музейн дээвэрт “амьдарч”, түүгээр дамжуулан соёлын үнэт өвүүдийг гадагш зөөсөн байдаг.Тэр дотор 1958 оны суурийг нь мөнгө, хошууг нь алтаар хийсэн “Хөдөлмөрийн баатар”-ын одон, мөн ийм аргаар хийсэн Д.Сүхбаатарын одон гурван ширхэг, мөнгөөр цутгаж дээрх өлзий сүлдийг алтаар шарсан “Алтан гадас” одон гурван ширхэг, мөнгөөр цутгаж, дээрх өлзий сүлдийг алтаар шарсан “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” нэг ширхэг, “Байлдааны гавьяаны улаан тугийн одон” дөрвөн ширхэг, винтов, карабин, “АК” зэрэг буу таван ширхэг байсан нь олдоогүй.
2008 онд Монгол цэргийн музейн тухайн үеийн захирлын тушаалаар Дорнод аймагт болсон сурын харвааны наадмын үзэсгэлэнд эрдэм шинжилгээний ажилтан Г.Анхсанаад эд өлгийн зүйлүүд өгч явуулсны дотроос XIII зууны баатрын үйсэн саадаг, найман ширхэг сумны хамт алдагдсан бөгөөд хэрэг прокурорын шатанд хэрэгсэхгүй болжээ. Удалгүй Г.Анхсанаа БСШУЯ-ны харъяа Соёлын өвийн үндэсний төвд мэргэжилтнээр шилжсэн бөгөөд улмаар Соёлын биет өвийг авран хамгаалах зохицуулалт хариуцсан даргаар дэвшсэн. Алга болгосон түүхийн дурсгалын оронд өөр зүйл авчирч өгснийг нь оруулж тавьсан хэмээн музейн ажилтнууд ярьж байна. Тэгвэл 2012 онд Монгол цэргийн музейн харъяа Г.К.Жуковын музейд байсан Цэргийн гавьяаны одон солигдсоныг улсын тооллогын комисс илрүүлж, БЗД-ийн Цагдаагийн II хэлтэс хэргийг шалгаад түдгэлзүүлсэн байдаг.
2016 онд залуу жанжин Ж.Лхагвасүрэнгийн эдэлж хэрэглэж байсан гар буу алга болж, хулгайчийг олсон ч буугаа олоогүй. Мөн XIII зууны үеийн баатрын сэлмийг АНУ руу үзэсгэлэнд авч яваад бариулыг нь самурай бариул хийж, хятад хуйтай болгосон асуудал яригддаг. Монгол цэргийн музейгээс алдагдсан үйсэн саадагны мөрөөр тухайн үед музейн эрдэм шинжилгээний ажилтан байсан, одоо Соёлын биет өвийг авран хамгаалах зохицуулалт хариуцсан төвийн даргаар ажиллаж буй Г.Анхсанааг олж уулзан цөөн хором ярилцсан юм. Түүний ярианаас музейн удирдлагаар тун хариуцлагагүй, мэдлэггүй хүмүүс томилогддог байдал цухалзаж байна.
Г.Анхсанаа: Замын унаанд дайгдаж яваад үзмэрээ алдчихсан
-Та XIII үеийн баатрын үйсэн саадаг, сумыг алга болгосноо өөр зүйлээр оруулж, прокурорын шатанд хэргийг хэрэгсэхгүй болгожээ.Түүхийн дурсгалыг өөр зүйлээр оруулж болдог уу.Тухайн үед юу болсон юм бэ?
-2008 онд Дорнод аймагт сурыг наадам болсон. Аймгийн музей нь Монгол цэргийн музейтэй ярьж бичил үзэсгэлэн гаргах болж, 30-40 хүн нэлээд хэдэн үзмэр авч явсан. Ирэхдээ замын унаанд дайгдсан. Үйсэн саадаг, сум нь хугарчих бол уу гээд цаасан хайрцагт хийж, ачааны дээр тавьсан. Ирээд үзтэл байдаггүй. Цагдаад шалгагдаж 20 гаруй хоносон. Замын унаанд мөнгөө төлж суусан тул эргээд жолоочийг олох гэж бөөн юм болсон. Тэр хүн нь янз бүрийн хэрэгт шийтгэгдэж байсан, “хүнд гар” байж, намайг авч хэлэлцээгүй, саадаг, сумаа олоогүй.
Тэгсхийгээд би шилжсэн, музейн дарга нар ч өөрчлөгдсөн. Шинэ дарга нь олж өг гэж нэхээд 2012-2014 он хүртэл би эрүүгийн цагдаад шалгагдсан. Эцэст нь намайг эд зүйлийг санамсаргүй алга болгосон гэж үзэн Өршөөлийн хуульд хамруулсан. Дараа нь музейг хохиролгүй болгох асуудал ярьсан. Би археологийн мэргэжилтэй тул экспедицээр явж байгаад Сүхбаатар аймагт нэг булш ухжээ, саадаг нумын зүйл байна гэсэн яриа сонссон. Миний алга болгосон зүйл бол 1990-ээд онд баруун аймгуудаас олдсон үйсэн саадаг гэдэг. Би сайн барьж үзсэн биш, тухайн үед аваад хайрцагт хийж байсан. Мэргэжлийн хүний хувьд зургийг нь харахад төвөгтэй зүйл харагддаг. Ингээд Сүхбаатар аймгаас олдсон зүйлийг очиж үзээд үнэ тохирч аваад Монгол цэргийн музейд өгсөн юм. Дотор нь байсан сумны тухайд яг XIII зууны үеийн үйсэн сум үлдэж хоцорно гэдэг боломжгүй. Тухайн үед судлаач н.Базарсүрэн гэж хүн төслийн шугамаар туршилтаар тэдгээр сумыг хийсэн байсан нь саадагны хамт алга болсон юм.
-Ингээд хэргийг шийдчихсэн юм уу?
-Хэрэг үүгээр дуусаагүй, музейнхэн иргэний хэргийн шүүхэд бас хандсан. Эрүүгийн хэрэг үүсээд явж байхад үнэлгээний асуудал яригдаж, 500 мянган төгрөгөөр үнэлүүлсэн байсан. Музей нэхэмжлэгч, би хариуцагчаар шүүх хуралд орсон. Миний хувьд үнэлгээг үндэслэлгүй гэж гомдол гарган, шүүх хурал 7-8 удаа болсон. Бодитой үнэлбэл таван сая төгрөг хүртэл үнэлэх боломжтой л доо. Би их, бага гээгүй, ямартай ч бодитой үнэлж нэхэмжил гэсэн. Музейнхэн болохоор үнэлж чаддаггүй. Тэр хооронд алга болгосон зүйлийн оронд нь олж өгсөн саадаг бас алга болсон. Музейн дарга байсан хүн аваад нуучихсан байж. Тэр дарга солигдож ажил авсан дараагийн хүн нь энд ийм зүйл байна гэж гаргаж ирснээр нэхэмжлэхээ татсан.
-Одоо Монгол цэргийн музейд байгаа зүйл мөн үү?
-Мэдэхгүй. Ямар ч байсан би тэр зүйлээ Улаанбаатар их сургуулийн доктор, өөрийн багш, археологич Д.Эрдэнэбаатарт үзүүлж, тодорхойлолт гаргуулж өгсөн.
-Таны олж ирж орлуулсан тэр зүйл түүхийн олдвор, өөр гарал үүсэлтэй, өөр түүхтэй эд байх даа?
-Тийм байх.
-Таны ярианаас сонсоход Монгол цэргийн музейн удирдлагууд хариуцлагагүй ханджээ. Замын унаагаар үнэт дурсгалуудыг явуулж болохгүй биз дээ?
-Хаа хаанаа хариуцлага алдсан байх. Тухайн үед намайг цалингийн хувиар шийтгэж байсан. Ганц надад хариуцлага тооцох байсан уу гээд яривал ярих ч би тэгээгүй. Хариуцлагыг өөрөө хүлээгээд өнгөрсөн. Музей алга болсон, алдсан эд зүйлийг ийнхүү “орлуулж”, сольдог юм бол одоо байгаа түүхийн дурсгалуудын хэд нь бодит, хэд нь хуурамч болохыг таашгүй. Тэрийг нь жирийн үзэгч яахин ялгах билээ. Дээр нь Монгол цэргийн музейн үе үеийн удирдлага дандаа мэргэжлийн бус хүн томилогдож байсан бөгөөд тэнд мэргэжил, арга зүйн удирдлага дутагдаж ирснийг баримтууд нотолж байна. Улсын тооллого дөрвөн жилд нэг удаа болдог. Дээрх тоо баримт 2012 оны аравдугаар сарын байдлаарх дүн бүртгэлийн мэдээнд дурдагдсан бөгөөд 2016 оны тооллогын дүнг үзвэл алга болсон, дутсан гэх мөн л өөр баримтууд ил болох биз ээ. Ер нь бол бид нэг талаас түүх, соёлын үнэт дурсгалуудаа улсын музейд бат хадгалж байгаа хэмээн санаа амардаг ч, нэдэр дээрээ УИХ-ын сонгууль шиг дөрвөн жилийн хугацаатайгаар музейн захирал, менежер гэх хэн нэгэнд даатгаж орхидог. Бидний итгэсэн зарим хүн “дураараа дургиж, дунд чөмгөөрөө наргидаг” музейн салбарт ийнхүү илэрч байна. Үргэлжлэл бий.
Эх сурвалж: