Нийгэм

16-18 насны хүүхдүүд дэлгүүрээс хулгайлсан бараагаа өөр дэлгүүрт зардаг байжээ

Нийслэлийн БГД, СБД, ЧД-т үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр, супермаркетуудын цонх, хаалгыг эвдэн орж, эд зүйл хулгайлдаг байсан таван этгээдийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. Тэд 16-18 насны хүүхдүүд байсан бөгөөд 2019 оны нэгдүгээр сараас хойш нийт 30 гаруй сая төгрөгийн бараа, эд зүйл хулгайлсан нь тогтоогдсон байна.

Гэмт этгээдүүд хүнсний дэлгүүрүүдээс бэлэн мөнгө, үнэд хүрэх зүйлс болон хүнсний бараа, архи, тамхи гэх мэт зүйлийг хулгайлан заримыг нь өөрсдөө хэрэглэж, бусдыг нь өөр дэлгүүрт арай хямд үнээр зардаг байсан ба 10 гаруй үйлдлээр дээрх гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдоод байгаа аж.

Тэдний нэг болох 17 настай хүү архи уугаад, PC тоглоомонд донтоод дэлгүүр ухаж гэмт хэрэг хийсэн гэж ярьж байна.

Бүлэг этгээдүүд урьдчилсан мэдүүлэгтээ нийт 17 удаагийн үйлдлээр 38 сая төгрөгийн хохирол мэдүүлжээ. Хэргийг ЦЕГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлсэн байна.

Иймд иргэд, аж ахуйн нэгжүүд байгууллагынхаа ойр орчимд хяналтын камер байрлуулах, гэрэлтүүлэгтэй байх, мөн хүнсний дэлгүүрүүд цонхондоо хамгаалалтын төмөр хаалт хийх зайлшгүй шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас сануулж байна.

hulgai 16-18 насны хүүхдүүд дэлгүүрээс хулгайлсан бараагаа өөр дэлгүүрт зардаг байжээ

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close