Нэгэн мэргэн ухаантнаас шавь нь:
-Багш аа, яагаад бүх агуу мэргэд бусдыг буруутгахгүй, шүүмжлэхгүй, муугаар ярихгүй байхыг сургадаг юм бол. Энэ тийм чухал гэж үү? гэж асуужээ.
Багш нь шууд хариулахыг яардаггүй зангаараа хэсэг бодолхийлснээ, дотор нь багахан шавартай үлээдэг бөмбөлөг өгч, шавийгаа үлээхийг хүсэв. Шавь нь ч үлээж эхлэв.
Тэр шавиасаа:
-Чамд одоо юу харагдаж байна? гэхэд,
-Та, бас бөмбөлөг.
-Дахиад жоохон үлээ гэснээ, одоо юу харагдаж байна?
-Та харагдахаа больж байх шиг, бөмбөлөг, түүний дотор шавар урсаж байгаа нь харагдаж байна.
-Дахиад үлээ. Одоо юу харагдаж байна?
-Зөвхөн шавартай бөмбөлөг.
-Дахиад сайн үлээ.
Шавь нь үлээх тусам бөмбөлөг томорсоор хага үсрэхэд тал бүр тийш шавар нь үсэрч хүү шаварт будагдав. Балмагдсан хүү бохирдсон хувцсаа харан зогсоход багш нь:
-Харав уу? Чи хэн нэгний алдаа дутагдал, сул тал, гэм нүгэлд анхаараад байвал яг ийм зүйл болдог. Чи хүмүүсийг буруутгаж, өөлж, шүүмжлэх тусмаа тухайн буруутайд тооцоод буй хүнээ олж харахаа больж, зөвхөн буруутгаж өөлсөн, хэзээ ч хагарч болзошгүй бөмбөлөг мэт өөрийнхөө муу бодлуудаа хардаг болж, тэр нь томорсоор хагарахдаа ганц чамайг ч бус, чиний тарьсан муу бодол, хар сэр энэ шавар мэт эргэн тойрны чинь хүмүүсийг будаж бохирдуулдаг юм гэж багш нь хэлчихээд, шавийгаа бодолтой нь ганцааранг нь үлдээгээд явсан гэнэ.