Замын-Үүд боомтоор их хэмжээний гахайн өөх хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан хэргийг Хилийн мэргэжлийн хяналтын албаныхан илрүүлжээ.
Тодруулбал энэ сарын 7-ны өдөр 14 шуудай 350 кг гахайн өөхийг тээврийн хэрэгсэлд нуун улсын хилээр зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлэн саатуулж, холбогдох байгууллагад харъяаллын дагуу шилжүүлсэн байна.
Эргэн сануулахад, Булган, Дундговь, Төв, Орхон аймгийн зарим сум, нийслэлийн худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт гахайн мялзан өвчин амьд гахай болон гахайн мах, махан бүтээгдэхүүнд илэрсэнтэй холбогдуулан Улсын Онцгой комиссоос өнгөрөгч нэгдүгээр сарын 15-нд гахайн мах, өөхийг түр хугацаанд улсын хилээр импортлохыг хориглох шийдвэрийг гаргасан байдаг. Энэ хориг өнгөрөгч хоёрдугаар сарын 4-нд дуусгавар болсон юм.