Өмнөд Солонгост суралцаж, ажилладаг залуусын байгуулсан “Let’s Ko Mong” ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг тогтвортой ажлын байртай болгох зорилготой, дахин хэрэглээ, эко амьдралын хэв маягийг дэмжсэн Америкийн “Good Will”, Өмнөд Солонгосын “Beautiful Store”-тэй адил жишиг бүхий “МӨРӨӨДЛИЙН ГЭРЭЛ” дэлгүүрийг Монголд нээжээ.
Энэхүү төсөлтэй “Тагтаа Паблишинг”-ийн хамт олон хамтарч эхэлсэн байна. Өмнөд Солонгос дахь монголчууд “Тагтаа Паблишинг”-ийн номыг хямдралтай үнээр худалдан авч, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх аж. “Мөрөөдлийн гэрэл” дэлгүүр таны хандивласан хувцас, эд зүйлсийг хүлээн авсныхаа дараа угааж, индүүдэн, засч сайжруулаад, эргээд хямд үнээр худалдан борлуулах ба энэ үйл явцдаа ажлын байр бий болгож, худалдан борлуулсан орлогоороо хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд болон зорилтот бүлгийн хүмүүсийг орлогоор дэмжин туслах юм.
Нийгмийн хариуцлагын хүрээнд та бүхэн Дэнжийн мянгаас 32-ын тойрог руу явах замын 57-р автобусны буудлын замд байрлах “МӨРӨӨДЛИЙН ГЭРЭЛ” дэлгүүрийг зорьж, өөрт багадаж, томдсон, ямар нэг шалтгаанаар өмсдөггүй хувцас, хэрэглэдэггүй эд зүйлсээ хандивлаж болно. Бас тэндээс засч сайжруулан, боловсруулалтад оруулсан хувцас, тоглоом зэрэг барааг хямд үнээр худалдан авч болох аж.
Дэлгүүрийн талаарх мэдээллийг “dreamprojectmongolia” хуудаснаас авах боломжтой.