Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа. Тэдгээрээс зээлийн өрийн үлдэгдлийн статистикийг хүргэж байна.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны 2 дугаар сарын эцэст 17.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 28.0 (0.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 3.4 (24.7%) их наяд төгрөгөөр өссөн байна.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны хоёрдугаар сарын эцэст 926.8 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 92.2 (11.0%) тэрбум төгрөгөөр өсч, өмнөх оны мөн үеэс 66.2 (6.7%) тэрбум төгрөгөөр буурчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.4 хувийг эзэлж, өмнөх сараас 0.6 пунктээр өсч, өмнөх оны мөн үеэс 1.8 пунктээр буурсан байна.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2019 оны хоёрдугаар сарын эцэст 1.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 56.4 (3.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 578.2 (45.7%) тэрбум төгрөгөөр өсчээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.7 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.5 пунктээр өссөн байна.
Хугацаа хэтэрсэн зээл гэдэг нь зээл, хүүгийн хугацаа 90 хүртэл хоног хэтэрсэн зээлийг хэлэх бол чанаргүй зээл гэдэгт хэвийн бус, эргэлзээтэй, муу зээл буюу зээл, хүүгийн хугацаа 91-ээс дээш хоног хэтэрсэн зээлийг хамруулдаг байна.