Нийгэм

Монголд анх удаа дата сэтгүүл зүйн хакатон зохион байгуулна

Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв (ЭССТ), ХБНГУ-ын Дойче Велле Академи хамтран Монголд анх удаа дата сэтгүүл зүйн хакатон зохион байгуулах гэж байна.

Нээлттэй мэдээллийн санг үр дүнтэй ашиглаж, дата сэтгүүл зүйн чанартай бүтээл гарган, тэгш бус байдлын асуудлыг ойлгомжтой, өнгө дүрс сайтай байдлаар илэрхийлж, олон нийтийн анхаарлыг татахыг эрмэлзэж буй хүн бүр HackInequality хакатонд оролцох боломжтой.

Дата сэтгүүл зүйн хакатонд 4-5 хүнтэй 10 баг өрсөлдөнө. Баг бүрт сэтгүүлч заавал байхаас гадна дизайнер, хөгжүүлэгч, аналист, оюутан зэрэг өөр өөр мэргэжил, туршлага бүхий хүмүүс орох юм. Хакатоны үеэр багууд 36 цагийн турш бүтээлээрээ өрсөлдөнө. Мөн олон улсын болон дотоодын туршлагатай менторуудаас суралцах, цагийг зугаатай өнгөрөөхийн зэрэгцээ дата сэтгүүл зүйн шинэлэг, чанартай бүтээл туурвих нөхцөлийг зохион байгуулагчдын зүгээс бүрдүүлэх юм.

Та ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгэлтэй танилцах боломжтой.

Дата сэтгүүл зүй гэж юу вэ?

data_journalism-111737-273858449 Монголд анх удаа дата сэтгүүл зүйн хакатон зохион байгуулна

Дата сэтгүүл зүйн тухай маш олон тодорхойлолт бий. Хамгийн энгийнээр хэлбэл “Өгүүлэмж бүхий өгөгдөл” эсвэл “Өгөгдөлд суурилсан сэтгүүл зүй” гэж хэлж болно.

Хэдийгээр өгөгдөл нь эрэмбэ дараатай байсан ч дангаараа хэзээ ч төгс утга агуулахгүй юм. Дан дата бол тухайн бүхэл бүтэн өгөгдлийн зөвхөн нэг хэсэг мэдээлэл юм. Бид бүхий л цогц мэдээллийг агуулсан өгөгдөлтэй биш харин дан дататай “найзлах” үед мэдээлэлтэй болдог.

Сэтгүүлчид 5W1H буюу Хэн, Юу, Хэзээ, Хаана, Яагаад, Яаж гэсэн асуултыг өдөр бүр ашиглаж чанартай мэдээлэл, мэдлэг буюу өгөгдөл олж авдаг. Цуглуулсан өгөгдлөө ухаалгаар ашиглах боломж бидэнд бий.

Дата сэтгүүл зүйн бүтээлийг бүрэн баригдсан байшинтай зүйрлэвэл түүний суурь, хана, дээвэр зэрэг хамгийн гол тулгуур нь өгөгдлөөс бүрддэг байна.

Дата сэтгүүл зүйн бүтээл хэрхэн төрж байна вэ?

Сэтгүүл зүй бол маш өрсөлдөөнтэй, мэргэжлийн салбар. Одоо ч, ирээдүйд ч дата нь бидний ухаалаг ажиллах нөхцөлийг бүрдүүлэх юм. Сэтгүүлчид бэлэн мэдээлэлд итгэж суухын оронд өгөгдлийг эрж, олж, цуглуулах бүрэн боломж бүрдчихээд байна. Өнөөдөр тэд сонгосон өгөгдлөө шүүрдэн авч, боловсруулж, бүтээлдээ буулгасаар байгаа. Энд эрэн сурвалжилга, асуудал хөндсөн өгүүлэл гэх мэт шинжлэлт бичлэгийн төрөл зүйлийг дурьдаж болох юм.

Тиймээс ч сүүлийн жилүүдэд сэтгүүлчид дата сэтгүүл зүйд суралцахын хамт өрсөлдөж эхэлсэн. Үүний нэг нь ХАКАТОН юм. Хакер буюу мэдээлэл технологийн мэргэжилтэн, сэтгүүлчид хамтран Хакатоны үеэр тодорхой сэдвээр дата сэтгүүл зүйн бүтээл хийж байна. Хакер нь мэдээллийг олох, цуглуулах, боловсруулахад мэргэшсэн бол сэтгүүлчид тэрхүү мэдээллээс аль нь олон нийтэд хэрэгтэй, үнэ цэнэтэй болохыг таньж мэддэг, түүнийгээ боловсруулах чадвартай билээ.

Тиймээс ердөө 24-48 цагийн дотор нийгэмд бугшсан, нуугдсан, тодорхой бус байсан мэдээллийг хамтдаа илчилж, дата сэтгүүл зүйн бүтээл хийж эхэлжээ.

Эх сурвалж: ЭССТ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close