Ноос, ноолуурын “Гоёо” үйлдвэрийн бүтээгдэхүүнд монголчууд дуртай. Үндэсний үйлдвэрлэгч, дэлхийд Монголын нэрийг гаргаж байгаа цөөн брэндийн нэг гэж үздэг. Олон нийтээс ийм үнэлгээ авдаг, өөрсдөө ч сурталчилгаагаа муугүй хийдэг энэ үйлдвэр гэхдээ ажилчдынхаа хөлс хөдөлмөрийг хамгийн бага түвшинд үнэлдэг гэвэл итгэх хүн олон гарахгүй байх.
Гэхдээ цалингийн тухай мэдээллийг ажилчид нуудаггүй бөгөөд ихэнх ажилчид нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэх төдийхөн буюу нэг нолууран цамцтай дүйх хэмжээнд ч хүрэхгүй цалин авдаг аж.
Тус үйлдвэр 2019 оны эхээр Өмнөд Солонгосоос ноолууран бүтээгдэхүүний захиалга авсан бөгөөд захиалгаа дуусгахын тулд Сар шинийн өдрүүдээр ажилчдаа амраалгүй 36 цагаар ажиллуулсан байдаг. Гэвч тус үйлдвэр ажилчдаа илүү цагаар ажиллуулсан хэрнээ цалин дээрээ гар татжээ.
Өмнөд Солонгост гаргах бүтээгдэхүүнийг нь захиалагч тал нь голсон учраас Сар шинийн өдрүүдээр ажилчдаа ажиллуулахдаа цалин бодоогүй. Энэ нь дийлэнх ажил нь үйлдвэрийн гологдлоо эргүүлэн засах ажил байсантай нь холбоотой юм байна.
Энэ сарын дундуур Гоёо дахин Солонгосоос авсан шинэ захиалгын ажлаа эхлүүлэх гэж байгаа аж. Гэхдээ ажилчид нь ахиад цалингүй ажиллах вий гэсэн айдастай сууж байна. Уг нь үйлдвэр гадаадаас захиалга авч байгаа. Тэр хэмжээгээр ажилчиддаа дотоод борлуулалтын ажлын хөлснөөс гадна гадаад захиалгын ажлын хөлсийг тооцон бодож өгөх ёстой.
Гэвч үндэсний үйлдвэрлэгч энэ нэмэгдэлийг огт бодож өгөхгүй, амралтын өдрүүд, нийтээр амрах баярын өдрүүдээр ажилчдаа ажиллуулаад хэвшчээ.
Өнгөрсөн намар “Гоёо” ХХК-ийн байранд ажиллаж байсан 17 хүн химийн бодист хордож, нэг хүн Цэргийн төв эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан эмгэнэлтэй хэрэг гарч байсан. Гэвч энэ мэдээллийг тус компани хордсон ажилчдыг үйлдвэрийн туслан гүйцэтгэгч компанийн ажилчид байсан хэмээн сайн нууцлаад өнгөрсөн.
Хордсон хүмүүс үйлдвэрийн ажилчид биш, өөр компанийн ажилчид байсан гэсэн үгээр аргацааж, хүмүүст хүйтэн сэтгэлээр хандаж чадсан энэ компани ажилчдынхаа цалинд гар татах нь ч аргагүй биз ээ.
Харин үйлдвэрийн ажилчид нэг хүн нас барж, хоёр хүн гүн хордож, хэд хэдэн хүн эмчүүлсэн энэ хордлогын талаар “тэд ээрмэлийн үйлдвэрийн утасны будаг, будгийн хоронд хордсон байх” гэж үздэг аж. Мэргэжлийн байгууллагууд үүнийг нүүрсхүчлийн дутуу ислийн хордлого гэж үзэж байсан юм.
3 comments
бага ажил хийсэн хүн бага цалин л авна, чамлаж л байгаа. их ажил хийсэн хүн их л цалин авна
Хэдэн зуун илүү цаг ажилласан хүн бага ажилласан болохгүй л байлгүйдээ, тэгээд 200,000гаруйг аваад 3 сар болж байна гэсэн хүмүүс байна лээ. Олон цаг ажиллах нь чухал биш гол нь бүтээмж гэж донгосох нөхдүүд олон байгаа биз, гэхдээ нэг 2 хүн дээр биш нийтээрээ бүтээмж бага байна гэдэг чинь ажлын гүйцэтгэлийн үнэлгээ нь буруу байна гэсэн үг. ЕР нь энэ Гоёо байсгээл хэдэн зуун ажлын байр зарладаг, хүн тогтдоггүй нь ийм л учиртай байж л дээ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөг.