“Boeing 737 MAX 8” сүүлийн таван сарын дотор хоёр дахь удаагаа осолдлоо. Үүнтэй холбоотойгоор БНХАУ, Монгол Улс уг онгоцыг нислэгт гаргахыг түр хойшлуулсан бол зарим улс ийм арга хэмжээ аваагүй ч ослын мөрдлөг шалгалтыг анхааралтай ажиглаж байна. Этиоп улсад болсон энэхүү аймшигт ослыг дэлхий нийт хэрхэн хүлээн авч байна вэ. Мөн энэ нь Boeing, Airbus-ын өрсөлдөөнд ямар нөлөө үзүүлж байна.
Boeing-ын ханш унав
Boeing-ын хувьцаа Нью-Йоркийн бирж дээр уналаа. Ханш нээх үед 7%-ийн уналттай байсан тус компанийн хувьцаа өдрийн турш 13,5% хүрч буурчээ. Хувьцаа нэг бүрийн үнэ нь 370 долларт ч хүрч унажээ. Гэтэл баасан гарагт 422,5 долларын ханштай байсан юм.
Харин Европын Airbus-ын хувьцаа 1,04%-иар өссөн байна.
Хөрөнгө оруулагчид энэ сарын 10-нд Этиопт осолдож, дэлхийн 33 улсын 157 хүний аминд хүрсэн “Boeing 737 MAX 8” онгоцны ослыг ийнхүү хүлээн авч байна. Энэ бол уг загварын онгоц осолдсон хоёр дахь тохиолдол болоод байна. Хамгийн анх Индонезийн агаарын тээврийн “Lion Air” онгоц өнгөрсөн 10 дугаар сард Ява арлын баруун эрэгт осолдож, 181 зорчигч, хөлгийн найман гишүүн амиа алдсан билээ.
“Компанийн шинэ онгоцны хоёр осол тун ойролцоо хугацаатай гарсан нь ховор бөгөөд түгшүүр төрүүлэм үйл явдал мөн” гэж Оросын “БКС Премьер”-ийн санхүүгийн шинжээч Сергей Дейнека тэмдэглэсэн байна.
“Boeing” компанийн хувьцаа богино хугацаандаа энэхүү мэдээллээс болж унах төлөвтэй байна. 2017 оны 05 дугаар сараас эхлэн дэлхий нийтэд 350 ширхэгийг нийлүүлсэн MAX загварын онгоц ийнхүү хоёр ч удаа осолдсон нь уг онгоцыг татах эсэх асуудалд ч хүргэж болзошгүй байгаа юм.
Одоохондоо энэ хоёр осолд ямар нэгэн холбоо хамаарал байгаа эсэх нь албан ёсоор тогтоогдоогүй.
Агаарын тээврийн түгшүүр
Гэхдээ дэлхий нийтийн агаарын тээврийн салбарынхан түгшүүр зарлаж эхэллээ. “Манай цоо шинэ онгоц жилд хоёр удаа уналаа. Энэ нь агаарын тээврийн үйлдвэрлэлд түгшүүр төрүүлж байна” гэж агаарын тээврийн шинжээч, АНУ-ын Тээврийн яамны ерөнхий шинжээч Мэри Скяво CNN агентлагт мэдэгджээ.
Boeing-ийн MAX загварын онгоц үйлчилгээнд гараад хоёр жил хүрэхгүй хугацаа өнгөрөөд байгаа юм. Энэ хугацаанд 5000 захиалга ирж, 400 орчим онгоц олон улсын агаарын тээврийн компаниудад нийлүүлэгджээ.
Гэтэл гал дээр тос нэмэх гэсэн мэт Индонезийн ослын дараахан л “Boeing” корпораци энэ загварын онгоцондоо MCAS (maneuvering characteristics augmentation system) автомат систем суулгаснаа зарлажээ. Ийм систем өмнөх 737 загварт байгаагүй гэнэ.
Энэ систем нь хэтэрхий өндөрт гарчээ гэсэн тохиолдолд автоматаар онгоцны хамрыг буулгаж, агаарын хүчтэй урсгалаас хамгаалдаг. Гэхдээ эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд онгоцны хамар энэ онцлогоосоо шалтгаалан шууд доошилж, нисгэгч өөрөө онгоцыг тэнцүүлж, гар удирдлагад шилжүүлэх боломжгүй байдаг гэнэ.
Одоохондоо хоёр ослын шалтгаан бүрэн тодорхой болоогүй ч Этиопын ослын дараа зарим агаарын тээврийн компаниуд ийм төрлийн онгоц ашиглахаа зогсоож байгаагаа мэдэгджээ. Тэдний дунд Ethiopian Airlines, Британийн Cayman Airways орж байна. Мөн ослын шалтгаан бүрэн тогтоогдтол ийм загварын онгоцоо нислэгт гаргахгүй гэж БНХАУ, Монгол Улсын засаг захиргаа мэдэгдсэн байна. “Reuters” агентлагийн мэдээллээс үзэхэд Хятадад “Boeing 737 MAX” загварын 60 онгоц нислэг үйлддэг аж.
Европын холбоо, ОХУ зэрэг улс одоохондоо ийм загварын онгоцны нислэгийг зогсоох төлөвлөгөөгүй байна.
Ажлын морь
Ерөнхийдөө 737 загварын онгоц дэлхий даяар хамгийн их тархсан онгоцны тоонд ордог. “Энэ бол дэлхийн жинхэнэ ажлын морь” гэж “Airline Ratings” компанийн ерөнхий редактор Жеффри Томас тэмдэглэсэн байна. “Сүүлийн 10 жилд 737 загвар аюулгүй байдлаараа гайхалтай амжилт үзүүлсэн” гэж CNN-ийн шинжээчид тэмдэглэж байна.
1960-аад оноос хойш 737-гийн 10 000 гаруй онгоц ашиглалтад орсон нь дэлхий даяар хамгийн их зарагдсан онгоцны тоонд орж байгаа юм. Тэгвэл энэ хугацаанд 737-гийн гол өрсөлдөгч Airbus A320 загвар 8000 гаруй л гарчээ.
Эх сурвалж: https://www.gazeta.ru/business/2019/03/11/12236845.shtml?updated