Өсвөр үеийн хүндийн өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9-16-ны өдрүүдэд АНУ-ын Лас-Вегас хотод болж байна. Тэмцээнд 50 орны 200 гаруй 13-17-ны насны тамирчид өрсөлдөж байгаа. Тэмцээний жингийн медальтнууд эхнээсээ тодорч байна. Хөвгүүдийн 61, 67 кг-д Казахстан тамирчид өндөр амжилт үзүүлж, дэлхийн аварга цолыг хүртлээ. 61 кг-д А.Сайрамкэз 257 кг-аар жиндээ түрүүлсэн бол 67 кг-д Т.Сайхан нэртэй залуу 288 кг-аар аваргын алтан медалыг хүртсэн байна. Т.Сайхан огцомоор 127 кг, түлхэлтээр 161 кг-ыг өргөж өсвөрийн дэлхийн аварга боллоо.
Хөвгүүдийн дөрвөн жингийн аваргууд тодорсон бөгөөд Казахстанаас хоёр аварга төрсөн бол Вьетнам, Италиас аваргууд төрөөд байна. Мөн Турк, Румын, Узбекистан, Мексикийн тамирчид медалын тавцанд зогсчээ. Өсвөрийн ДАШТ-д Монгол улсаас Үндэсний шигшээ багийн хоёр эмэгтэй тамирчин дасгалжуулагч Х.Одхүү, Ч.Март /”Алдар” спорт хороо/ нарын удирдлагад оролцож байна. ОУХМ Б.Хонгорзул 59 кг-д, ОУХМ Г.Энэрэл 71 кг-д дэлхийн шилдэг тамирчидтай өрсөлдөнө. Манай хоёр тамирчин хоёулаа 17 настай бөгөөд тэдний жинд тус бүр 13 тамирчин өрсөлдөж байна. Өнөөдөр Б.Хонгорзулын тэмцээний дүн гарах бол маргааш Г.Энэрэл өрсөлдөнө. Энэ удаагийн өсвөрийн ДАШТ-ийг олон улсын шүүгч Л.Одгэрэл шүүн явуулж байгаа.