“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авсан компани, компанийн захирлууд өмнө нь бизнесийн ертөнцөд огт дуулдаж байгаагүй шинэ хүмүүс байсан гэдгээрээ олны анхаарлыг татаад хоёр жил гаруй болж байна. Тэдний нэг бол Монголын зэс корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин. “Эрдэнэт”-ийг авахдаа 27 настай байсан, одоо 30 шүргэж байгаа түүнийг Монголыг бараг хагас зууны турш тэжээж ирсэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн тал хувийг худалдаж авах бэл бэнчинтэй хүн мөн үү гэдэг эргэлзэх хүн олон бий.
Харин Ц.Пүрэвтүвшин гэж хэн бэ?
Тэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа:
-Ховд аймгийн уугуул, хоёр дүүтэй айлын том хүү. ЕБС-ийг 2005 онд төгссөн. Гэхдээ тавдугаар ангиасаа шилжиж, 12-13 настайдаа Баян-Өлгий аймаг дахь Турк коллежид суралцсан. Хоёр жилийн дараа Ховддоо эргэн очиж сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод ирж суурьшин МУИС-д “Олон улсын эрхзүй” мэргэжлээр сурч 2010 онд төгсөөд, дараа нь Америкт сурсан. Буцаж ирээд ажиллаж байхдаа Санхүү эдийн засгийн дээд сургуульд суралцаж төгссөн, хуульч, санхүүч мэргэжилтэй.
2009 онд анх хуулийн байгууллагад дадлага хийж байсан. Мөн тухайн жилээ ШУТИС-ийн оюутны солилцоогоор Тайландын Маха Сарахам мужийн сургуульд 600 долларын цалинтай ажилд гурван сар ажилласан хэмээн өгүүлсэн байдаг.
Сургуулиа төгсөөд 2010 оны тавдугаар сард ХХБ-д Хуулийн зөвлөхөөр ажиллах болжээ. Ингэхдээ ямар ч танил тал, татаасгүйгээр орсон гэдгээ өөрийн ярилцлагадаа онцолсон байгаа.
Ц.Пүрэвтүвшин 2017 оны нэгдүгээр сараас Английн Оксфордод Бизнесийн урирдлагын магистрт суралцаж эхэлжээ. Энэ бол “Эрдэнэт үйлдвэр”-ийг хувьчилж авснаас хагас жил гаруй хугацааны дараа гэсэн үг.
Харин түүний ар гэрийнхний хувьд аав, ээж хоёр нь Ховд аймгийн уугуул хүмүүс бөгөөд одоо ч нутагтаа амьдардаг юм байна. Өөрөөр хэлбэл, Ц.Пүрэвтүвшингийн төрсөн нутаг болох Ховд аймгийн төв, Жаргалант суманд амьдардаг. Аав нь насаараа барилгын компанид жолооч хийж байгаад тэтгэвэртээ гарсан, тээврийн жолооч хүн бол ээж нь 1997 он хүртэл дунд сургуульд багшилж байгаад 1998 оноос хойш төрийн албанд ажиллаж байгаа, удахгүй тэтгэвэртээ гарах аж.
Үлэмж их хэмжээний хөрөнгөтэйд тооцогдож буй Ц.Пүрэвтүвшинг нэг хэсэг ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн хүү, эсвэл түүний хамаатан гэхчлэн яригдаж байв. Харин Ц.Пүрэвтүвшин өөрөө ХХБ гадаад зах зээл дээр бонд гаргах ажил дээр ажиллаж байхдаа Д.Эрдэнэбилэгтэй анх танилцсан гэж хэлсэн байдаг.
Ц.Пүрэвтүвшин хагас жилийн өмнө өгсөн энэ ярилцлагадаа найз бүсгүйтэйгээ болон бага дүү, оюутан үеэл дүүтэйгээ дөрвүүлээ амьдардаг гэжээ. Түүний амьдралын товч намтар нэг иймэрхүү байна.
Тэгвэл Ц.Пүрэвтүвшингийн талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан саяхан мэдээлэл хийлээ. Түүний хэлснээр Ховдын иргэд Ц.Пүрэвтүвшинг нутагтаа арван жилийн сургуулиа төгсөөд хот руу орсон чинь гэнэт баяжаад, сонин болчихлоо гэж ярьжээ. Мөн Ц.Пүрэвтүвшингийн хоёр өрөө байрных нь лизингийг ээж нь төлдөг тухай ч дурдсан байгаа юм. Өнөөдөр үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан ээж нь цагдаад хандан “хүү минь хүмүүсийн хөл гар болоод явж байна, хүүг минь битгий хэлмэгдүүлээрэй” гээд уйлаад явж байгаа тухай ах дүү нар нь гишүүнд бас ярисан аж. Ц.Пүрэвтүвшинд 400 сая ам.доллар бүү хэл 4 сая төгрөг ч байхгүй гээд Ховдоос Ц.Пүрэвтүвшингийн ойр дотных нь хүмүүс ярьсан гэж Ж.Батзандан гишүүн мэдээллийнхээ үеэр хэлж байсан юм.
Тэгэхээр Ц.Пүрэвтүвшин “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авсан хөрөнгийнхээ эх үүсвэрийн талаар болон хоёр өрөө байрныхаа лизингийн тухай ямар нэгэн тайлбар хийхгүй бол энэ хоёр харьцангуй ойлголтоос болж тэрбээр тун таагүй байдалд орж мэдэх юм.