НЗДТГ-аас 2019 оныг “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГазар нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэ сарын 9-ний Идэрийн барилдагатай билэгт сайн өдөр найман ээжийг урамшуулах зорилгоор “Бахархалт ээжүүд” өдөрлөгийг зохион байгуулав. Тэдгээр ээж нар бол 6-гаас дээш хүүхэд төрүүлж өсгөн, хүмүүжүүлж үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ өндөр хариуцлагатайгаар биелүүлж яваа “Алдарт эх”-ийн 1, 2-р одонтой 36 хүртэлх насны ээж нар байлаа.
Тус өдөрлөгийн зорилго нь Монгол улсынхаа хүн амын өсөлтөнд тодорхой хувь нэмрээ оруулж, үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан ирээдүйнхээ амьдралыг хамтдаа цогцлоож байгаа залуу гэр бүлийг дэмжиж, тэдний амьдралын түүхийн хуудсанд бага боловч аз жаргал, баярт мөч, дүүрэн дурсамж нэмэх явдал аж. Энэхүү өдөрлөгийг Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГазар санаачилсан бөгөөд “Одонтой ээжүүд” группийн админ болон гишүүд, дэмжигч нартай хамтран найман ээжийн мөрөөдлийн хуримын ёслолын ажиллагааг зохион байгуулжээ.