Энэ сарын 18-нд УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах гэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа УИХ-ын дарга Г.Занданшатарт мэдэгдэл хүргүүллээ. Үүнд:
Удахгүй хуралдах УИХ-ын ээлжит бус чуулганаар ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүдийн асуудлыг хэлэлцэх тухай асуудал дурдагжээ.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа “УИХ дахь АН-ын бүлэг аливаа хууль бус зүйлийг хаацайлж байгаагүй, бурууд нь зөвлөж, зөвийг нь дэмжиж ажилласан. Нийгмийг цочроосон мухарлаж шалгах ёстой олон хэрэг байгаа учраас хуулийн байгууллага үнэн зөвөөр нь шалгах, улс төржүүлэхгүй байх ёстой гэж үзэж байгаа учраас АН ийнхүү мэдэгдэл хүргүүлж байна.
Шударга ёсны төлөө тэмцэж байгаа бол бүх асуудалд шударга хандах ёстой. ЖДҮХС-аас зээл авсан, яллагдагчаар татагдаад байгаа гишүүдийн асуудлыг оруулах нь зүйтэй” гэж үзэж байна гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
УИХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд тус асуудлыг оруулах эрхзүйн боломж УИХ-ын даргад байгаа учраас жагсаалтад оруулах боломжтой гэсэн юм.
Мэдэгдлийг бүрэн эхээр хүргэж байна.
“Ардчилсан нам нь төрийн албыг 60 тэрбумаар үнэлэн зарсан наймаа, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хулгай, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьчлал болон 51 хувийг эрх баригч МАН-ын нэр бүхий гишүүд барьцаанд тавьсан гэх мэт гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүрийг шударга шүүхээр шүүлгэн хариуцлага тооцуулах талд баттай зогсож байгаагаа энэхүү мэдэгдлээрээ дахин нотолж байна.
64 суудалтай эрх баригчид шил дараалан гарч байгаа нийгмийг цочроосон асуудлуудаа шийдвэрлэхэд хүч хүрэхгүй, “шүдгүй” гэдгээр асуудлаас зайлсхийхийн оронд шударга ёсоо тогтоох хангалттай боломж байгааг дахин сануулахын хамт “Ардчилсан нам ажил хийлгэхгүй байна” гэх үлгэрээ нэн даруй зогсоож сонгуулиар ард түмэнд амалсан амлалтаа биелүүлж ажлаа хийхийг шаардаж байна.
Ардчилсан нам хууль бус ямар ч үйлдэлтэй эвлэрэхгүй, гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй. Гэхдээ Ардчилсан намын жирийн гишүүд хорссон популистуудын зодуур биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Ардчилсан нам 1990 оны Ардчилсан хувьсгалыг амжилттай хийж, 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлуулсан улс төрийн хүчний хувьд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, тусгаар тогтнол, 3 дахь хөрш гэсэн нийгмийн суурь үнэт зүйлээ хамгаалах талд хатуу зогсох болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна.