Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд УИХ-ын чуулганы танхимын үүдэнд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Ерөнхийлөгчийн оруулж байгаа асуудлуудын талаар мэдээлэл өгсөн Тамгын газрын дарга:
-УИХ-ын ээлжит бус чуулганаар бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлж, оронд нь н.Даваа-Очир, н.Батсайхан гэдэг хоёр хүний нэрийг дэвшүүлсэн.
Зэвсэгт хүчний Жанжин штабын даргад А.Ганбат генералын нэрийг оруулсан байгаагаа үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатын хугацаа нэгдүгээр сард дууссан. Түүний оронд бас нэг прокурорын нэрийг дэвшүүлж бичгээ УИХ-ын Тамгын газарт явуулаад, хариугаа авсан. Хэлэлцэх асуудалд багтсан” гэлээ.
Үүний дараа хэвлэлийнхний асуултад хариулав.
-Жанжин штабын харьяанд байдаг цэргийн ангиудад удаа дараа цэрэг, алба хаагч амиа алдсан хэрэг гарлаа. Үүнд хэн хариуцлага хүлээх вэ?
– Жанжин штабын ажил хэвийн явж байгаа. Орлогч нар ажлаа хийж байгаа. Цэргийн ангид гарсан харамсалтай хэргийн талаар Жанжин штабаас мэдээлэл өгсөн. Ер нь бол нэг байгууллага ийм удаан хугацаагаар даргагүй байж болохгүй.
-Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоох Засгийн газрын шийдвэрийг Ерөнхийлөгч дэмжиж байгаа юу?
-Эрдэнэтийн 49, 51 хувь гэхгүй Эрдэнэт үйлдвэр 100 хувь удирдлагын асуудалтай байгаа учраас Ерөнхийлөгчийн зүгээс тус үйлдвэрт онцгой дэглэм тогтоохыг дэмжиж байгаа.
Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, эдийн засгийн аюулгүй байдалд аюул занал учруулж байгаа томоохон үйлдвэрүүдэд онцгой дэглэм тогтоож болох талаарх чиглэлийг УИХ, Засгийн газарт өгсөн.
Мөн ҮАБЗ Сайншандын төмөр замын ажлыг энэ хавар эхлүүлэх шийдвэрт хүрсэн. Үүнийг ЭТТ-н ашгаар тавина. Төр 85 хувийн ашгаа авч төмөр зам тавих гэж байгаа учраас иргэд ногдол ашгаа заавал авах нөхцөл бүрдсэн.
– 49 хувийг дотоодын компани худалдаж авах үед та УИХ-ын дарга байсан. Та уг хэрэгт холбоотой юу?
– 49 хувийг надад мэдэгдэхгүйгээр, хулгайгаар нууцаар тэр компанид өгсөн. Уг нь би УИХ-ыг төлөөлж байсан. 49 хувийг хувийн компани авч болохгүй гэж би үзэхгүй байгаа. УИХ-аас асуугаад гишүүдийн олонх дэмжээд ямар ч хувийн компани авч болох байсан. Тиймээс үүнд миний оролцоо байхгүй. Хууль бусаар зээл олгосон гээд байгаа. Үүнд Н.Золжаргал тайлбар өгөх ёстой.
– Орд газруудыг улс өөрийн мэдэлд авах асуудалд ҮАБЗ байр сууриа нэгтгэсэн үү?
-400 гаруй ордыг улс нээчихсэн байхад нээгээгүй мэтээр зальдаад 400 гаруй ордод дахин хувийн компанид хайгуулын лиценз өгсөн байна.
ҮАБЗ-ийн хурал дээр аливаа орд бол улсын өмч гэдэг шийдэлд хүрсэн. Н.Номтойбаяр Цагаансуварга дээр уурхай бариад хөрөнгө оруулалт хийчихсэн гээд байгаа. Орд улсынх, уурхай Номтойбаярынх. Тиймээс улс баялагаа авахын тулд Номтойбаяртай баялагийг маань гаргаад өг. Төлбөрийг нь төр төлнө гэх агуулгатай гэрээ байгуулна. Түүнээс биш төр Номтойбаярын хөрөнгө оруулалтыг төлөхгүй.
1 comment
ХҮН АЛАХ, ХҮҮХЭД ХҮЧИНДЭХ, ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖИХ, ИХ ХЭМЖЭЭГЭЭР АВИЛГАЛ ХЭЭЛ ХАХУУЛЬ АВАХ, ХАР ТАМХИ ЗАРАХ, ТӨРӨӨС МӨНГӨ ЛУЙВАРДАХ, МӨНГӨ УГААХ, ХУЛГАЙЛАХ, ЭХ ОРНЫХОО ГАЗАР НУТГЫГ ГАДНЫХАНД ЗАРАХ, ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХУВЬДАА АШИГЛАХ ЗЭРЭГ ГЭМТ ХЭРГҮҮД ДЭЭР ЦААЗААР АВАХ ЯЛТАЙ БОЛОХГҮЙ БОЛ ТӨРИЙН БҮХ ШАТАНД ДЭЭРХИ ГЭМТ ХЭРЭГ ГААР Ч ИХСЭЖ БАЙНА. ХУУЛЬ САХИУЛАХ ХҮЧИН ЦАГДАА АТГ ТЕГ ГЭХ МЭТЧИЛЭН ХҮЧНИЙХЭН Ч ӨӨРСДӨӨ ОРОЛЦОЖ БИЕ БИЕНЭЭ ХАМГААЛЖ ХААЦАЙЛАХ БОЛЛОО ИЙМЭЭС ЦААЗЫН ЯЛТАЙ БОЛГОВОЛ ГЭМТ ХЭРЭГ ЭРС БАГСАНА. БЭЛЭЭХЭН ЖИШЭЭ БОЛ БНХАУ БАЙНА.