Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг /УНТЭ/-ийн Элэг шилжүүлэн суулгах багийнхан маргааш өглөө 06:00 цагаас 7 настай Л.Бүжинлхам охинд хагалгаа хийхээр болжээ. Охины биеийн байдал хүнд байгаа тул Солонгосын АСАН эмнэлгийн мэс залын эмч нартай хамтран хийхээр болжээ. Энэ хагалгаа нь манай улсын элэг шилжүүлэн суулгах 34 дэх хагалгаа бөгөөд хүүхдэд хийх 3 дахь хагалгаа юм байна.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр (2017.04.21) хагалгааны төлөвлөгөөтэй танилцаж, бяцхан охинд эрүүл энхийг хүслээ. Мөн тус хагалгааг ивээн тэтгэж, охины амь насыг аврахад үнэтэй хувь нэмэр оруулсан иргэн Ж.Нямдаваа, Э.Энхболд нарт чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Л.Бүжинлхам охин төрөөд шарлалт нь арилахгүй, бие нь шар, нүд нь ногоон туяатай байсаар 3 сартайд нь ЭХЭМҮТ-д үзүүлэхэд төрөлхийн цөсний замын битүүрэлтэй гэж оношлогдож, мэс засал хийж байжээ. Гэвч элэгний хатуурал үүссэн учраас заримдаа цусаар хүндэрч, бөөлжиж 2015 онд биеийн байдал нь мууджээ. Охин элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болж, ээж нь донор болохоор УНТЭ-т хэвтэн эмчлүүлж байгаа юм.