Гоо сайхны L’Oreal эзэнт гүрний өв залгамжлагч, компанийн захирлуудын зөвлөлийн дарга Франсуаза Бетанкур-Майерс 49,3 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр Forbes сэтгүүлийн 2019 оны долларын тэрбумтнуудын жагсаалтад дэлхийн хамгийн баян эмэгтэйгээр тодорлоо. Тэрбээр дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 15 дугаар байрт орсон байна.
L’Oreal-ын гоо сайхны эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч Эжен Шюллерийн хүү, 1997 оноос хойш компанийн захирлуудын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа энэ бүсгүй ээж Лилиан Бетанкураа 2017 оны есдүгээр сард өөд болсноос хойш энэ жагсаалтад анх удаа орж байгаа юм. Forbes сэтгүүлээс 1987 оноос эхлэн жил бүр дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг гаргахад ээж Лилиан Бетанкур нь нас барах үеэ хүртэл жил бүр долларын тэрбумтнуудын жагсаалтад ордог байлаа.
Франсуаза Бетанкур-Майерсийн хөрөнгө өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал 17 хувиар буюу 7,1 тэрбум ам.доллараар өсчээ. Энэ нь L’Oreal гоо сайхны концерн өнгөрсөн жил тун ашигтай ажиллаж байсантай холбоотой. Франсуаза Бетанкур-Майерсын хувьд ойрын хамаатнуудынхаа хамт уг компанийн хувьцааны 33 хувийг эзэмшдэг. Өнгөрсөн жил тус компани сүүлийн 10 жилийн хугацаанд анх удаа хамгийн сайн борлуулалт хийсэн бөгөөд 30,6 тэрбум ам.долларын ашиг олжээ. Ялангуяа Ази Номхон далайн бүсээс олох ашгийн хэмжээ нь 20 хувиар өссөн нь Хятадад L’Oreal-ын бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэнтэй холбоотой юм байна.
Бетанкур-Майерс өдгөө Парист амьдардаг. Тэрбээр гэр бүлийн Bettencourt Schueller Foundation санг тэргүүлэн ажилладаг. Уг сан нь шинжлэх ухаан, урлагийн салбарт төсөл хэрэгжүүлж, анагаах-биологийн шинжлэх ухаан, нийгмийн хөгжил зэрэгт хөрөнгө зарцуулдаг. Мөн аутизмтай хүүхдийг дэмжих төсөлд хандив өгдөг байна
Франсуаза Бетанкур-Майер түүнчлэн ном бичлэг. Түүний бичсэн ном Грекийн бурхад, Библитэй холбоотой байдаг.
Хэдийгээр Франсуаза Бетанкур-Майерс одоо л дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад орж байгаа болохоос түүний гэр бүл дэлхий дахинаа алдартай.
Эх сурвалж: forbes.ru