МҮОНРТ 2007 оноос хойш Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Ээждээ захидал бичээрэй” шилдэг захидлын улсын уралдааныг жил бүр тогтмол зохион байгуулж байгаа. Тус захидлын уралдаанд уржнан жил 2300, өнгөрсөн онд 2500 орчим, нийтдээ ойролцоогоор 25000 захидал ирсэн.
Тэгвэл энэ жил 11 дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус уралдаанд өнөөдрийн байдлаар амьдралын гэгээн болон бараан олон өнгө, үйл явдал, сургамж агуулсан 2000 орчим захидал 21 аймгаас ирсэн байна. Түүнээс Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн 7а ангийнхан, нийслэлийн 77, 127, Төв аймгийн Баяндэлгэр, Цээл сумын дунд сургуулийн сурагчид маш идэвхтэй оролцжээ.
Дашрамд дуулгахад, “Ээждээ захидал бичээрэй” шилдэг захидлын улсын уралдаанд ирсэн зарим захидлыг МҮОНРТ-ийн Үндэсний телевизийн “Өглөө” хөтөлбөр, Монголын радиогийн нэвтрүүлгийн дундуур уншиж, олон нийтэд хүргэж байгаа аж. Эрхэм үзэгч, уншигч та бүхэн тус уралдааны шилдэг захидлуудыг болон шагнал гардуулах ёслолын ажиллагааг энэ сарын 8-нд МҮОНРТ-ийн Үндэсний телевизийн сувгаар 17:20 цагаас хүлээн авч үзээрэй.