Хүн төрөлхтөн нохойг анх гаршуулснаас эхлэн хүн, нохой хоёр найзууд болж ирсэн түүхтэй. Зарим судлаачид нохойг чоно, цөөвөр чоноос үүссэн гэж үздэг бол нөгөө хэсэг нь тэдний өвөг араатан амьтан аль хэдийнэ устаж үгүй болсон гэдэг. Өнөөдөр дэлхий дахинд 400 гаруй үүлдрийн нохойг хүмүүс тэжээж, ашиглаж байна. Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр нохой тэжээдэг байх нь эрүүл мэндийн талаасаа ашигтай болохыг судлаачид нотолжээ.
Нохой тэжээдэг айлын эзэгтэй болон жирэмсэн эмэгтэй, нярай хүүхдүүдийн дархлааны систем, нянг эсэргүүцэх чадвар амьтан тэжээдэггүй айлынхаас илүү байжээ. Учир нь нохойнд байдаг байгалийн нян ийнхүү дархлаа болж элдэв нянгаас хамгаалдаг аж. Тиймээс илүү өвчин тусах нь бага байсныг Канадын Албертагийн Их сургуулийн судлаачид тогтоосон байдаг. Гэхдээ энэ нь орон сууц, хаусанд амьдардаг вакцинжуулалтад хамрагдсан нохой, хүмүүст хамаатай. Үүгээр зогсохгүй биеийн тамирын хувьд чухал ач холбогдолтой бөгөөд нохой таны жинхэнэ дасгалжуулагч болж жингээ хэвийн барихад тань тус болдог байна.
Нохой өдөрт дунджаар 10-15 км газар гүйх шаардлагатай байдаг. Тиймээс ч нохойгоо салхилуулж байгаа хүн өдөрт мөн л адил 10-15 км газрыг гүйх буюу алхаж өнгөрөөдөг.
Японд насанд хүрсэн 200 хүний дунд хийсэн судалгаагаар судалгаанд оролцсон хүмүүсийн 54 хувь буюу тэжээвэр нохой эзэмшигчид, өдөрт хийх ёстой хөдөлгөөний хэмжээг биелүүлж байжээ. Энэ нь тэдний нохойгоо өглөө орой салхилуулж, дагуулж алхаж байсантай холбоотой юм.