Хэлтэй бол хөлтэй
Орчин цагт нэг үеэ бодвол гадаад хэл сурах нөхцөл боломж 100% хангагдсан байна. Монголоор дүүрэн хэлний курс, дугуйлан секц байна. Үнэ төлбөрийг нь дийлэхгүй бол хувиараа сурах боломж буюу номын санд суух, ном аваад бие дааж сурах гэх мэт. За тэгээд интернэт гэж гайхамшгийн ачаар цахим хичээл, Youtube, сайн дурын хүмүүстэй Skype-аар ярианы дадал хийх, тэр битгий хэл MIT, Harvard-ын хичээлийг ч сурах боломж бүрдээд байна.
Тиймээс би хэлгүй, гэхдээ ингэмээр байна, тэгмээр байна гэж ярих бол надад арчаагүй хүний шинж л гэж би хувьдаа хэлэх байна. Хатуухан хэлж байгаад уучлаарай. Би биеэ даагаад хэл сураад, олимпиадад түрүүлээд, үнэгүй их сургуульдаа сураад, гадаадад мастераа хийсэн өчнөөн хот хөдөөгийн хүмүүс мэднэ. Тэгэхээр БИТГИЙ ЗАЛХУУР, ӨӨРИЙГӨӨ ДАЙЧИЛ! гэж л хэлмээр байна.
Миний хэлэх гээд байгаа гол санаа бол чи ойр зуур ярианы хэлгүй бол виз чинь гарахгүй: Гадаадад хэлний курст төлбөр төлөөд урилгаа авчихлаа гэж бодъё. Маргааш нь тэр улсынхаа элчин сайдын яаман дээр очоод визэнд ортол Консул гуай чамд юу гэж хэлнэ гээч?
“- Монголд хэл сурах зөндөө боломж байхад та яагаад өдий болтол хэлгүй байгаа юм бэ? Гадаадад очоод энэ байдал өөрчлөгдөх үү? Уучлаарай, та хэлээ сайжруулж байгаад дахиад ирээрэй” гээд л виз олгохгүй гаргаад явуулна. Ийм тохиолдол өчнөөн байсан. Одоо улам ихэсч байгаа, учир нь тэрүүгээр дүүрэн чамаас илүү зовлонтой дайны орны дүрвэгсэд байна.
Бодит амьдрал
За яаж ийгээд аз таараад, бурхан чинь ивээгээд, Консул зөв хөл дээрээ босоод виз чинь гарлаа гэж бодъё. Гэрийнхэн чинь нисэх дээр гаргаж өгөөд чи мөрөөдлийн улсдаа буулаа. Тэнд буугаад хаана байх вэ? Очиход буудал л биш бол байр бэлэн байна гэж байдаггүйн. Танил тал байгаа бол бас чи азтай хэд хоног толгой хорогдоно. За тэгээд жоохон удаад ирэхээр нөгөө байлгаж байгаа айл чинь чамайг төвөгшөөж эхэлнэ. Тэгтэл анх удаа гадаад явж байгаа, хэлгүй чи хаанаас яаж байр олох вэ? Байранд орохын тулд ихэнх улс жилээр гэрээ хийж, эхний сарын түрээсийг барьцаанд авдаг. Миний мэдэх зарим газарт : Лондон, Солонгос, Германд хүмүүс дам дамаар бие биенээ олж, хүний гэрээн дээр олуулаа “шпротлож” амьдардаг. Би ч өөрөө цагтаа ингэж явсан. Гэртээ олуулаа учраа олох гэж яадаг билээ, танихгүй хүмүүстэй жорлон банн, гал тогоогоо хувааж хэрэглэнэ гээд боддоо. Тэгээд хэр удаан ингэх вэ? “Амьдралын төлөө” гээд өөрийгөө хуураад хэдэн жил аргацааж болох л юм. Би Лондонд шпротлож амьдардаг байхдаа бүр хоолоо хийхдээ гоймонгоо тоолж хийдэг хүнтэй хүртэл таарч байсан. Ингэн ингэн мөнгө хэмнэж, цуглуулж гэрийхэндээ явуулж байгааг гэрийнхэн нь мэдэх болов уу? Арай гэж олсон мөнгийг нь тэгэж хэмнэх болов уу?
Ихэнх хүмүүс очоод л ажилд ороод, цалин аваад жаргана гэж боддог. Дэлхийн хаана ч оюутан визтэй хүн долоо хоногт 20-оос илүү цаг ажиллах эрх байдаггүй. Зарим нь бүр огт ажиллуулахгүй. Ганцхан чи даргыгаа сайн найраад хууль бусаар л олон цаг ажиллах боломжтой. За тэгээд буцаад нөгөө хэлний асуудал руу оръё. Ихэнх ажилд орохын тулд тодорхой хэмжээний хэл шаардлагатай. Хэлгүй бол гадаадад байдаг хүмүүсийн ярьж заншсанаар “хоккейчин” (шал угаагч) эсвэл “ди-жей (аяга угаагч)”-ийн ажлыг маш бага цалингаар хийнэ. Японд хэлгүй бол ер нь юунд ч найдалтгүй дээ.
Аманд ч үгүй, хамарт ч үгүй
Чи азаар ажил олчихлоо, байранд орлоо. Үнэнийг хэлэхэд гэрийнхнээсээ мөнгө авахгүй л бол чиний тэндээ олж байгаа мөнгө хэзээ ч хадгаламж хийх хэмжээнд хүрэхгүй. Ялангуяа залуу хүн бол идэж ууна, өмсөнө зүүнэ. Сар бүрийн байрны түрээс, утасны мөнгө, тог, интернэт, унаа гээд л явж өгнө. Мөнгө тэсдэггүй гэдгийг өөрийн биеэр үзсэн хүний хувьд хэлье. Ээж маань ч тухайн үед мөнгөө яачихдаг юм гэж их гайхдаг байж билээ. Газар дээр нь очихоор ямар байдгийг хүмүүс мэднэ.
Би 17 настайдаа бас л та нарын нэгэн адил мөрөөдөлдөө хөтлөгдөн “гадаадад сурна” гэсэн том амбиц өвөртөлж Лондон хотод золбирч явсан түүхтэй. Миний хийсэн том алдаа бол: Би хангалттай судалгаа хийгээгүй, надад төлөвлөгөө байгаагүй, зүгээр л мөрөөдөлдөө хөтлөгдсөн. Очоод бүх юм болчих юм шиг санаад л яваад очсон. Эхний 1-2 сар танил айлуудаар байж байгаад ажил олоод тусдаа гарсан. Тэгтэл цалин юунд ч хүрэхгүй байрны түрээсээ төлж чадахгүй болж “танидаг” хүнээс мөнгө зээлээд өгтөл өнөөх мөнгө зээлсэн “ах” маань намайг бас “өөрөөр” хардаг байсныг мэдэлгүй, би өөрийгөө нэг төрлийн эрсдэлд оруулж байсан удаатай. Хүний газар ганцаараа байх амар биш. Алдаанаасаа суралцаад л өнгөрсөн. Харин би ирээдүйд хүмүүсийг ийм алдаа битгий гаргаасай гэж хүсч байна. Гадаадад амьдрал тийм төсөөлж байгаа шиг чинь амархан биш. Харин эсрэгээрээ сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь гэдэг шиг Монголдоо мөнгөгүй ч гэсэн бид нар яаж ийгээд болоод байдаг тэ? Харин мөрөөдлийн улсад чинь тийм биш.
За дараагийн зүйл: чи 6 сар, 1 жил хэлээ сурчихлаа, сайжирлаа. Мэдээж их сургуульд сурахыг бодно. Тэтгэлэг олохгүй л бол амьдрал хэцүү дээ (ээж аав чинь баян л биш бол). Хичээл хийхийн хажуугаар ажил хийнэ. Хичээлдээ ч анхаарч чадахгүй, ажил хийгээд тэр мөнгө чинь хаачсан нь мэдэгдэхгүй, амьдрал нэг тийм маягаар хэдэн жил үргэлжилнэ. Энд зөвөөр ойлгоорой, болохгүй юм бол байхгүй. Энэ байдлаар ажиллаж сураад амжилт гаргаад сайн яваа хүмүүс ч бий. Дараа нь ярих сайхан түүхтэй болох юм даа. Гэхдээ бас сайн төсөөлөөд үзээрэй. Энэ үнэхээр чиний хүссэн амьдрал мөн үү? Сурахын зэрэгцээ ажиллаад, ядаргаанд ороод, зарим нь бүр нас барсан хүмүүсийн ч тухай сонсч байсан, тийм найз нар ч байна.
Бодит байдлыг эргэцүүл
Энэ нийтлэлийн гол санаа маань та бүхнийг гадагш явах хүсэлдээ баригдаад бодлогогүй шийдвэр гаргах биш, хүмүүсээс сайн зөвлөгөө авч, төлөвлөж, эргэж хараад харамсахгүйгээр, ээж аавынхаа олсон хэдэн борыг үрэн таран хийхээргүй тийм шийдвэр гаргаасай гэсэндээ л бичиж байна. Олон хүн надаас асуухаар би бас үлгэр ярих биш бодит байдалд ийм байдгийг л ойлгуулах хүсэлтэй байна. Би өөрөө гадаадад тарчигхан амьдарч ч үзсэн, орлого сайтай ч амьдарч үзсэн. Тэгээд бодохоор эцсийн эцэст хүмүүс бид мөнгөний боол учраас эхлээд санхүүгийн асуудлыг л шийдэх нь зүйтэй. Шийдэхийн тулд тэнд очино гэдэг бол ТОМ ЭНДҮҮРЭЛ!
Гадаадад байгаа Монголчууд
Хүмүүс гадаадад байгаа Монголчуудыг хараад их л жаргаж байгаа мэт төсөөлдөг, зарим нь атаархдаг. Бас яг ч тийм биш юм. Хараар буюу хууль бусаар амьдарч байгаа Монголчууд, тэр битгий хэл Монголд амьдрал хэцүү учраас ирсэн гэж ярих цагаанаар байгаанууд ч аль аль нь цаанаа л нэг гунигтай байдаг. Тэр гуниг нь зовлон гэхээс илүү эх орон, элгэн садан, төрөлх ус агаараа санасан хүмүүсийн гуниг байдаг шиг санагддаг. Хууль бусаар байгаа хүмүүс нь “Хэдэн жил Монголдоо очоогүй, очмоор л байна” гэж санаа алдана. Хууль ёсныхууд нь мөнгө нь, боломж нь байвал хааяа нэг нисээд ирнэ.
Хэдий гадаадад агаар нь арай цэвэр, ажлын нөхцөл байдал сайн, сурах зүйл их, тэр тусмаа материаллаг хангамж, нийтийн үйлчилгээ сайтай хэдий ч Монгол улс маань бас тэгтлээ дордчихоогүй байна. Одоо мөнгө нь л байвал хүний хар нүднээс бусад нь байна. Шоппин молл, тансаг ресторан кафе, мөсөн каток, кино театр бүгд байна. Тэхээр гадагшаа гарч хүний боол болох биш, нийгэмдээ тустай хэлбэрээр мөнгө олох шинэлэг арга зам хай.
Дүрвэгсэд
Бид бүхэн хүнд хэцүү байна гээд эх орноосоо дүрвээд байвал энэ улс орныг хэн хөгжүүлэх вэ? Дээр би энэ асуултыг хүүгийнхээ дэргэд асуусан чинь хөөрхөн нь аргагүй “Элбэгдорж” гэж хариулж билээ. Гэхдээ харамсалтай нь Элбэгдорж биш юм. Бид өөрөө өөрсдөндөө л найдах хэрэгтэй. Хямралын үед боломж бүр их байдаг. Хувьсгалын үед баяжсан хүмүүс гээд л одоо харааж зүхээд байдаг. Тэгвэл одоо хямралын үеэр баяжсан нөхөр гээд хэлүүлэх боломж чинь байна. Өөрийнхөө байгаа нөхцөл байдлаа дүгнээд байгаа боломжоо ашигла. Ялангуяа сүүлийн үед чадварлаг боловсон хүчин маань илүү сайн цалин, нөхцөл дагаж гадагш дүрвэх болж. Англи хэлээр үүнийг “brain drain” гэдэг юм. Гэхдээ тэр хүмүүсийг ч буруутгах аргагүй юм. Мянга эх орон гээд цээжээ дэлдээд байхад эх орон нь бодлогоороо тусалж дэмжихгүй бол явахаас яахав. Энэ тал дээр ТОМЧУУЛ даанч анхаарахгүй юм.
Харин нэг бодит буюу “Монгол Мөрөөдөл”-ийн жишээ дурьдахад хорь гучин жилийн тэртээ MCS-ийн Оджаргал, Гацууртын Чинбат, Женко Баттулга нар Монгол мяа байна гээд эх орноосоо явсан бол өдийд манай улс ямар байдалтай байх байсан бэ? Юун Skyresort, Got Talent, Цонжинболдог биз дээ? Тэд уйгагүй хөдөлмөрлөсөний үндсэн дээр энэ их эх орны баялаг, соёлыг бүтээн байгуулсан. Тэгээд бодоод үзэхэд эдгээр хүмүүсийг англиар ус цас ярихыг нь би лав мэдэхгүй юм байна…
Боломжийг хайх биш боломжийг бий болгоцгооё.
Б.Хонгорзул
Эх сурвалж: khongi.com