Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 490 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 315 дуудлагыг хүлээн авч шалгажээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэл хотод 14 хүн бэртэл гэмтэл авсан ба бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн осол 9, мөргөлдөх хэлбэрээр 11 осол, үл хөдлөх зүйл, гэрлийн шон зэрэг мөргөсөн 2 осол бүртгэгдсэн байна.
Гарсан ноцтой зам тээврийн ослоос дурьдвал: БЗД-ийн нутаг Намъянжүгийн гудамжинд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 50 настай, эрэгтэй Б-г мөргөж гэмтээгээд хэргийн газрын орхин явсан хэргийг алба хаагчид шуурхай олж тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна. БЗД-ийн нутаг Цайз төвийн урд замд Mercedes benz маркийн автомашины жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас T.Pruis, N.Caravan, T.Pruis маркийн 3 автомашинтай мөргөлдөж, зорчигч 2 хүн гэмтсэн хэргүүдийг шалгаж байна.
Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 107 зөрчлийг саатуулжээ. Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог ба үүнтэй холбоотойгоор байгууллага, аж ахуйн нэгжээс янз бүрийн өдөрлөг, ёслолын арга хэмжээг зохион байгуулдаг билээ. Манай улсын хувьд энэ өдрийг бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж, амралтын өдөр болгодог ба энэ жилийн хувьд үргэлжлээд амралтын өдрүүд тохиож байна. Өнгөрсөн жилийн баярын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 07,08-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 176 зөрчлийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцсоноос 45 орчим хувь нь эмэгтэй жолооч нар байжээ. Иймд иргэд та бүхнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох болон явганаар замын хөдөлгөөнд оролцохгүй байх, баярыг согтууруулах ундаанаас татгалзаж, зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэхийг уриаллаа.
Эх сурвалж: ТЦА
1 comment
Авгай нар архиа боливол сайнсан