Нийслэлд 23 зөрчилтэй барилга үйл ажиллагаа явуулж байсныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар илрүүлжээ. Эдгээр барилга “Барилгын тухай” хуулийн 37, 40 дүгээр зүйлд заасан холбогдох бичиг баримт иж бүрдэл дутуу, зураг төсөл нь баталгаажаагүй, барилга угсралтын ажил эхлэх үргэлжүүлэх зөвшөөрөлгүй байжээ. Иймд “барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл”-ийг Барилгын тухай хуулийн 20.8 дах заалтыг үндэслэн улсын байцаагчийн дүгнэлт үйлдэн цуцлуулах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлсэн байна. Мөн дөрвөн барилгыг албадан буулгах шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн хурлаас гарсан байна. Үүнд:
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Ц.Оюунцэцэгийн орон сууцны барилга;
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан толгойн баруун хойно баригдаж буй иргэн н.Баяндалайн захиалгатай 3 давхар үйлчилгээний барилга;
Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах иргэн Ц.Машбатын үйлчилгээний хоёр давхар барилгын өргөтгөлийн хэсэг; багтжээ.
Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Эх мандал” ХХК-ны оффисийн барилгын өргөтгөлийг буулгах шаардлагатай байна.
НМХГ-аас иргэн Ц.Машбатын Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах үйлчилгээний хоёр давхар барилгын өргөтгөлийн хэсгийг буулгасан байна. Уг барилга нь Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн баруун талд байрладаг. Тус барилгад хяналт шалгалтаар дараах зөрчлүүдийг илрүүлжээ. Үүнд:
Эзэмшил газраасаа хэтрүүлэн өргөтгөл барьсан.
Архитектур төлөвлөлтийн даалгаваргүй
Эскиз, батлагдсан зураг төсөлгүй
Барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйгээр барилгын ажил гүйцэтгэсэн.
Явган хүний зам талбай зорчих хэсгийг хаасан
Инженерийн шугам сүлжээ /2 худаг/ дээр баригдсан
Буулгах арга хэмжээ авснаар явган хүний зам талбай зорчих хэсэг чөлөөлөгдөж, инженерийн шугам сүлжээ худагт засвар үйлчилгээ хийх боломж нөхцөл бүрдэж, барилгын тухай хуулийн 37,40 дүгээр заалтууд хэрэгжиж буй юм.