Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг зарим хүүхдийн тоглоомын төвүүд энэ сарын 1-нээс ажиллаж эхэллээ. Томуугийн вирусын халдварын тархалт нэмэгдэх эрсдлээс сэргийлж Хотын даргын захирамжаар хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоосон. Мөн дээрх хугацаанд нийслэлийн ЕБС, цэцэрлэгээс бусад сургалтын үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээ, кинотеатр, үзвэр үйлчилгээ болон ресторан, нийтийн хоолны газарт 0-10 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байхыг холбогдох газруудад үүрэг болгоод байсан юм.
“Захирамжийн хугацаа дууссан тул хүүхдийн тоглоомын төв, зарим үйлчилгээний газруудаар хүүхэдтэйгээ хамт үйлчлүүлэх боломжтой. Захирамжийн хугацааг сунгах шийдвэр гараагүй” гэдгийг НЗДТГ-ын хуулийн хэлтсээс мэдээллээ.
Гэсэн ч эрүүл мэндийн байгууллагуудаас бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулж, олон нийтийн газарт аль болох дагуулж явахгүй байх, улирлын байдалд нь тохируулан дулаан хувцаслах.Мөн амин дэм ихтэй илчлэг хоол хүнс хэрэглэх, амны хаалтыг тогтмол зүүлгэж хэвших, амьсгалын замын халдварт өвчин болон болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг эцэг эхчүүдэд уриалж байна.