Эдийн засаг

“Ам.долларын шилжүүлэг ба олон улсын байгууллагуудын шаардлага” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба болон Монголын банкны холбоо хамтран 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр “Ам.долларын шилжүүлэг ба олон улсын байгууллагуудын шаардлага” сэдэвт, банкны харилцагчдад зориулсан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр Санхүүгийн мэдээллийн албанаас Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын тавьж байгаа шаардлага, Монгол Улсын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд 2017 онд хийсэн Харилцан үнэлгээний тайлангийн үр дүн, тайлангийн үр дүнг сайжруулах чиглэлээр Монгол Улсын УИХ, Засгийн газар, Монголбанк болон Санхүүгийн мэдээллийн албаны зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг танилцуулж, цаашид гадаад төлбөр тооцоог гүйцэтгэхэд тулгарч болох бэрхшээл, тэдгээрийг бууруулах арга замын талаар танилцуулав.

Монголбанкны Хяналт шалгалтын газраас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбоотойгоор банкнаас харилцагчийг таньж мэдэх зорилгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлуудыг танилцуулсан бол Банкны холбооны Комплаенсийн мэргэжлийн зөвлөлөөс гадаад төлбөр тооцоонд учирч байгаа хүндрэл, тавигдаж байгаа шаардлага, төлбөр тооцоог саадгүй, түргэн шуурхай явуулахад анхаарах шаардлагатай зүйлсийн талаар заавар, зөвлөгөө өглөө. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид гадаад төлбөр тооцоотой холбоотой асуудлаар асуулт асууж, тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийн талаар санал солилцов.

Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба болон Монголын банкны холбооны зүгээс гадаад төлбөр тооцоонд нэмэлт асуулга, тодруулга авах зэрэг хүндрэлүүд ихээхэн гарах болсныг онцолж, банкны зүгээс шаардсан баримт бичгийг тухай бүр гаргаж өгөх нь төлбөр тооцоог цаг алдалгүй хийхэд дөхөмтэйг онцоллоо. Цаашид Монгол Улсын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үнэлгээг ахиулах чиглэлээр Монгол Улсын УИХ, Засгийн газар, Монголбанк болон Санхүүгийн мэдээллийн албаны зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг олон нийтэд таниулах шат дараатай арга хэмжээг авахаар болов.

Түлхүүр үг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close