Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй үйлчилгээний жил”, тус агентлагаас “Хариуцлагатай хэрэглээ-Хэрэглэгчийн эрхийн жил” болгон зарласантай холбогдуулан яам, агентлагуудын хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тоооны бус салбар зөвлөлүүдтэй хамтарч тухайн салбарын иргэд, хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлуудыг зохион байгуулж байна.
Энэ ажлын хүрээнд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр БОАЖЯ-ны хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөлийн дарга, гишүүдтэй ажил хэргийн уулзалт хийж, 2019 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцов.
ШӨХТГ-ын дарга Б.Лхагвын зүгээс яамны хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, 2019 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө гаргах, байгаль орчин, аялал жуулчлалын салбараар үйлчлүүлж буй нийт хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр идэвх санаачлага гарган ажиллах шаардлагатай байгаа талаар санал, зөвлөгөө өгч олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр буюу 3 сарын 15-ны өдрийг угтан хэрэглэгч рүү хандсан үр дүн үзүүлэхүйц ажлуудыг зохион байгуулж, хэрэгжүүлж, тайлангаа ирүүлэх талаар чиглэл өглөө.
БОАЖЯ-ны салбар зөвлөлийн дарга, төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хэрэглэгчийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох, эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, сурталчилан таниулах, байгаль орчин, агаар, ус, хөрс бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй ажлуудаа танилцуулан цаашид 2019 онд байгаль орчин, аялал жуулчлалын салбараар үйлчлүүлж байгаа иргэд, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах чиглэлээр хийгдэх ажлын төлөвлөгөө, хөтөлбөр гаргаж, биелэлтийг дүгнэж, тайлагнах ажилд онцгой анхаарч, идэвх санаачлагатай хамтарч ажиллахаа илэрхийлсэн байна.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР