Ө.Энхболор: Фитнесст таван сар явах, повер иогоор нэг сар хичээллэх нь үр дүнгийн хувьд тэнцдэг

Урин цаг ирж буй энэ өдрүүдэд охид бүсгүйчүүд хүссэн даашинзаа өмсөн галбирлаг биеэ гайхуулан харц дээгүүр алхахыг хүсдэг. Илүүдэл жингүй, стрессгүй тайван, нурууны зовиургүй, хуянгүй, уян хатан болох, эрүүлжих бүх боломжийг иог олгодог гэнэ. Иог бол ямар нэгэн мэс засал, эм тариагүйгээр хүн эрүүл амьдрах хамгийн зөв арга зам гэдэгтэй олон хүн санал нэгдэх болсон. Иогоор хичээллэснээр хүний биед ямар эерэг нөлөө гардаг, иогийн давуу тал болон онцлог нь юунд оршин байдаг талаар “Асури повер иог”-ийн үүсгэн байгуулагч Ө.Энхболортой ярилцсанаа хүргэж байна.

-Иогоор хичээллэхийн давуу тал, мөн повер иог нь бусад иогоос юугаараа давуу болохыг энгийнээр тайлбарлавал?

-Манайх Монголдоо хамгийн анхны Асури повер иог. Үүсгэн байгуулагдаад 5 дахь жилдээ ажиллаж байна. Иогоор хичээллэхийн давуу талыг дурдвал маш олон бий. Иог нь дотроо олон төрөлтэй. Хүмүүсийн дунд иогийг зөвхөн эмэгтэйчүүд хийдэг гэсэн ойлголт элбэг байдаг. Энэтхэгт хамгийн анх иогийг эрэгтэй хүн үүсгэж байсан гэх түүх бий. Повер иогийн тухайд, түргэн хугацаанд үр дүнгээ өгдөг. Хамгийн гол нь галбиржих, эрүүлжих, уян хатан болох зэрэг үйл явц биед цогцоороо бий болдог онцлогтой. Нэг бүрчлэн нэрлээд байвал маш олон давуу тал бий.

Насан туршдаа нурууны өвчингүй амьдрах арга зам бол иогоор хичээллэх гэдгийг хэлмээр байна. Яагаад гэвэл хүн иогийн дасгал хийх үед биеийн баруун, зүүн талд хоёуланд нь яг ижилхэн тэнцвэртэй ачаалал өгч, булчинг хөгжүүлж, бас суллаж чаддаг.

-Иог фитнессээс илүү үр дүнтэй гэж сонссон. Энэ хэр үнэний ортой вэ?

-Фитнесст таван сар явах, манайд нэг сар явах нь үр дүнгийн хувьд тэнцдэг. Эрчүүдийн хувьд иог сонгосноор нурууны суултгүй болж, түрүү булчирхайн өвчинг анагаадаг. Иог гэдгийг зарим хүмүүс их хүндээр тусгаж авдаг. Хүнд хэлбэрийн дасгал хөдөлгөөн хийх нь иог юм байна гэж ойлгоод энэ бодлоосоо шантардаг. Иог гэдгийг зүгээр л өөрийгөө эрүүл байлгах энгийн нэгэн дасгал гээд ойлгочихвол хичээллэж эхлэх гэж буй хүнд төдий чинээ амар. Иогийн дасгал хүнээс уян хатан хөдөлгөөн, тэвчээр хатуужил ихээр шаарддаг ч заавал уян хатан байх ёстой гэж ойлгож болохгүй. Учир нь иог өөрөө хүнийг уян хатан болгодог юм. Ер нь иогийн дасгалыг шууд өндөр ачаалал авахгүйгээр бага багаар өөрийгөө дасгаж хийж эхлэх нь чухал.

-Иогоор хичээллэснээр хэдий хугацаанд үр дүнгээ өгч эхлэх вэ?

-Эхний өдрөөс эхлээд хүний биед үр дүн гарч эхэлнэ. Эхний өдөр бие булардаг. Хүний биед хуримтлагдсан хортой хийнүүд маш сайн гадагшилна. Хэхрүүлэх, унгах, савны хий гарах гэх мэт шинж тэмдэг илэрдэг.

-Иогоор хичээллэхэд насны хязгаар хамаарах уу. Танайд эрэгтэй хүмүүс явдаг уу?

– Иогоор хичээллэхэд насны хязгаар гэж байхгүй. Одоогийн байдлаар хоёр гурван жил тасралтгүй явж байгаа хүн ч бий. Манайд хичээллэдэг хүмүүсээс хамгийн ахмад нь 70 настай эмэгтэй байгаа. Шатаар явахаар аахилдаг байсан бол одоо бие нь маш хөнгөн шингэн болсон тухайгаа ч хэлдэг. Манайд заавал турах гэж биш эрүүлжих гэсэн хүмүүс ч их ханддаг.

Манай иогт залуучууд цөөн тоогоор явдаг. Манай дасгал хөдөлгөөнүүд системтэй явдаг юм. Гурваас дээш эд эрхтэн, булчинд нөлөөлдөг болохоор эхэндээ хүнд санагддаг. Ингээд хэсэг хугацаанд яваад ирэхээр улам иогтоо дурлаж эхэлдэг.

Дасгалаа тогтмол хийснээр хоолны дуршил багасдаг. Гурван аяга хоол иддэг байсан бол хоёр аяга иддэг болох жишээтэй. Хоолны дэглэм сахих шаардлагагүй. Зөвхөн дасгал хөдөлгөөнөөр биеийг эрүүл чийрэг болгодог. Бодисын солилцоо нь хүний биеийг дотроос нь залуу хүнийх шиг болгодог гэж хэлж болно.

Хүмүүс иогийг зөвхөн турах хэрэгсэл болгоод байна. Иог бол хүний биеийн бүтцийг тэнцвэржүүлж эргээд залуу болгох хэрэгсэл юм. Илүүдэл жинтэй хүн турах шаардлагатай бол жингээ хасна. Харин хасах жинтэй хүмүүс иог хийж байх явцдаа эсрэгээрээ булчингийн массаа нэмж байдаг. Иогоор хичээллэснээр таны биеийн баланс хаана алдагдсан байна, түүнийг тэнцвэржүүлж, ямар байх ёстой, тэр хэвийн нөхцөлд оруулна гэсэн үг.

-Та иогийн багш сургаж, бэлтгэдэг үү. Иогийн багш болоход ямар нэгэн шалгуур тавих уу?

-Чанартай гэдэг утгаараа маш цөөхөн тооны хүмүүсийг сургадаг. Багш бэлтгэх сургалтыг дөрөвдүгээр сараас эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Шалгуур гэж юу байх вэ. Хамгийн гол нь хүн сурч, хийж байгаа зүйлдээ өөрөө дур сонирхолтой, мөн тууштай байх л хэрэгтэй.

-Асури повер иогийн нэр их сонирхолтой байна. Асури гэж ямар утгатай үг вэ?

 -Би охинтой болохоороо энэ нэрийг хайрлана гэж боддог байсан юм. Гэтэл хүмүүс тэнгэрийн нэр болохоор хүнддэнэ гэж үздэг юм байна лээ. Асури гэдэг нь бидний дээд төрөл болох тэнгэрийн нэр. Тэнд тал нь бодь гөрөөс, тал нь шидэт сүнснүүд амьдардаг гэдэг. Тэнгэрийн нэршил гэж ойлгож болно. Монголчууд үзэхдээ бөөгийн амьдардаг тэнгэр ч гэдэг. Тэгээд л охиндоо өгөх гэж байсан нэрээр иогоо нэрлэсэн юм.

-Та ер нь яагаад иог сонирхох болов?

-Би уг нь иогтой огт хамааралгүй мэргэжлийн хүн байгаа юм. Анх найзаасаа иог сураад сонирхолынхоо дагуу 2014 онд өөрийн иогийн төвийг нээгээд мэргэжлийн хоёр багш авч байлаа. Энэ хугацаанд Хятад улсад иогоор суралцаад сертификат авсан. Иогийг судлах тусам сонирхол татсаар миний салшгүй нэг хэсэг болсон юм даа. Одоо Асури иог дөрвөн салбартай ажиллаж байна. Дөрвөн багш маань над шиг л иогт дурласан, олон улсын сертификаттай бүсгүйчүүд байгаа.

-Ингээд сонсоод байхаар иогоор хичээллэх сонирхол илүү их төрж байна. Хамгийн гол нь цаг зав хомс байдаг хүмүүс иогоор хичээллэх цаг хугацаагаа зохицуулах зайлшгүй шаардлага гарах байх. Өдөрт хэчнээн цаг хичээллэх шаардлагатай вэ. Танай цагийн хуваарь ямар байдаг юм бол?

-Хичээлийн цаг таван сонголттой байгаа. Өглөө 07:00, 09:00, 11:00 цагт,  орой 18:30, 19:45 цагуудад хичээллэнэ. Өдөрт иогтоо 1 цаг зарцуулахад л хангалттай. Тэгэхээр ажлын цагаа зохицуулаад богино хугацаанд үр дүнд хүрэх бүрэн боломжтой.

-Хэдэн өдрийн хичээл нь нэг курс болох вэ. Курсийн төлбөр нь хэд вэ гэдгийг уншигчид сонирхож байж магадгүй.

-Манай иог хямдрал зарласан байгаа. 10 өдрийн 60 мянган төгрөг, 20 өдрийн 100 мянган төгрөгийн төлбөртэй болгосон. Өмнө нь 10 өдрийн 100 мянган төгрөгийн төлбөртэй байсан юм. Нэг курс нь 10 өдөр гэж ойлгож болно.

-Одоо таны талаар мэдээлэл авъя гэж бодлоо. Та хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээн олон удаа ярилцлага өгч байсан юм билээ. Сайн үйлсийн аянд идэвхтэй оролцдог юм шиг санагдсан. Нийгмийн хариуцлагын хүрээнд ямар ямар ажил хийж байсан талаар сонирхуулаач?

-Залуу хүнийхээ хувьд нийгэмд өөрийхөө боломжийн хэрээр нэмэр болохыг хичээдэг. Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй 29-р дүгээр сургууль болон Батсүмбэр дэх ахмадын асрамжийн газарт очиж сайн үйлсийн аян хийж байсан. Сүүлийн үед нуугаад яах вэ, цаг зав төдийлөн гаргаж амжихгүй байна. Удахгүй сайн үйлс, эерэг үйл хэргээ үргэлжлүүлэн, тэр чиглэлээр багагүй юм хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Хүмүүс гэр оронгүй хүмүүст гэр өгөх ч юм уу, эсвэл хүнд өвчтэй хүмүүст хандив өргөх зэргээр буян үйлдэхийг илүүд үзэх нь бий. Харин таны хувьд яагаад ахмад настнуудаа харж хандаж, тусгай сургуулийн багачуудыг сонгох болсон бэ?

-Миний бодлоор гэр оронгүй гэх тэр хүмүүс эрүүл саруул байна. Тэдэнд боломж бий. Харин тусгай гэж тодорхойлогдоод байгаа Монголын бас нэг бүлэг хойч үеийнхнийхээ цаашид боловсрох нөхцөл бололцоог дэмжих нь илүү хэрэгтэй гэж боддог. Дээрээс нь ахуй амьдралын бололцоо тааруу, ээж ааваасаа хол байгаа хүүхдүүдэд жоохон ч гэсэн тус дэм болох үүднээс хэсэг бүлэг хүмүүсийг сонгодог.

Түүнээс биш зарим нэг нүдээ олоогүй сайн үйлсийн аянг би дэмжээд байдаггүй. Ахмадуудын хувьд бол тэд бидэнд энэ ирээдүйг бэлдэж өгсөн буянтай буурлууд гэдэг утгаар нь ач санаж, тэднийгээ хаяа ч гэсэн баярлуулъя гэсэн хүслээр өчүүхэн сэтгэлээ өвөртлөн очдог доо. Тэдний чин сэтгэлээсээ баярлаж байгааг харах үнэхээр сайхан.

-Үнэхээр сонирхолтой байлаа. Асуух зүйл олон байгаа ч ярилцлагаа энд хүргээд өндөрлөе. Танд амжилт хүсье.

-Баярлалаа.

Асури повер иогийн бас нэг сонирхол татсан зүйл бол тус иогийн цахим хуудаснаа үр дүнг харуулсан бодит зургуудыг байршуулдаг юм байна. Хэрэв уншигч танд сонирхолтой санагдаж байвал asuri power yoga пэйж хуудсаар зочлоорой.

3 thoughts on “Ө.Энхболор: Фитнесст таван сар явах, повер иогоор нэг сар хичээллэх нь үр дүнгийн хувьд тэнцдэг

  1. маяа 99425109 хаицана уу? 2019-02-28 11:08 at 11:08

    сайн бн уу, би орон нутгаас холбогдож байна. харилцах утсаа өгнө үү?

    Хариулах
  2. d 2019-03-01 00:56 at 00:56

    ayguu uchir dutagdaltai l da. Fitness gdg chine eruhii nershil. Gymiin huvid odoo manaid hymd gymd 5 sar yvhiig yarij bga bol gymiin tonog tuhuurumj hergelsnii l tulbur shude. Bagsh avna gsen ug bish. 20 honog 100 gaar yogat yvah 30 honog 150ar gymd yvah gym ni iluu. Yagaad gvel jin hasah gsen hun deer bol uuriinhaar chine hoolnii zohitsuulaltgui bol todorhoi hemjeed ochool zogsono tsaash yvq. Devsgeriin avaad youtube ees bichleg uzeed dagaad hiitsen ch bolhoor. Gymd dasgalaa hiigeed, hoolnii zohitsuulalt hiigeed, aerobik dasgaliig oruulj hajuugaar sungaltiin dasgal(yoga iin) hiigeed yvah hamgiin zuw zam, eruul idevhtei baiy gvel.

    Хариулах
  3. d 2019-03-01 01:00 at 01:00

    Yoga gher ter hindusm, buddism, dotoor taivshral, bysalgal ntr yariq shu, jin hashad nuluugui аль улигийн yum.

    Хариулах

d-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн