Олон улсын нэгэн судалгааны баг Индонезийн ширэнгэн ойгоос дэлхийн хамгийн том “Уольс зөгий”-г илрүүлж, анх удаа тус төрлийн зөгийн фото зураг авч, бичлэг хийжээ.
Тус судалгааны багийн гишүүн, Австралийн Сиднейн их сургуулийн хүндэт профессор Симон Робсон энэ талаар “Дэлхийн шавьжны олон янз байдал цөөрч байгааг урьдын маш олон судалгаагаар нотолсон. Харин өнөөдөр ийм төрлийн нэн ховор зөгийг дахин илрүүлсэн нь баярлууштай явдал юм” гэж хэлснийг Австралийн хэвлэл мэдээлжээ.
Уольс зөгий нь хүний эрхий хурууны дайтай, далавчаа дэлгэхэд 6 см гаруй урт болно. Дээр үед Английн биологич Алфред Ръсел Уольс зэрэг хүмүүс Индонезийн Малуку арлаас ийм төрлийн зөгийг илрүүлж байжээ. Тэр үед Алфред Ръсел Уольс нэгэн хатан зөгийн тухай дүрслэхдээ “Энэ хар өнгөтэй том шавьжийн биеийн бүтэц нь шар зөгийтэй төстэй, доод эрүү нь асар том, мөн эвэрт цохтой төстэй” гэж бичсэн байдаг аж.
Биологичид 1981 онд ийм төрлийн зөгийг бас нэг удаа илрүүлснээс хойш хүмүүс дахин олж хараагүй бөгөөд нэг хэсэг Уольс зөгийг устсан гэж үзэж байжээ. Харин энэ оны нэгдүгээр сард дээрх судалгааны баг Индонезийн Малуку арлуудын хойд хэсгээс ийнхүү дахин илрүүлсэн байна.
Судлаачдын тэмдэглэснээр, ийм төрлийн хатан зөгий модонд үүрлэсэн цагаан шоргоолжны үүрэн дотор үүрээ байгуулах дуртай, том эрүүгээрээ цуглуулсан модны давирхайгаар цагаан шоргоолж үүрэнд нь орохоос хамгаалдаг байна. Судлаачид чийглэг, халуун агаар, заримдаа их бороотой нөхцөлд судалгаагаа үргэлжлүүлж, цагаан шоргоолжны хэдэн арван үүрэнд ажиглалт хийж, 5 хоногийн судалгааныхаа эцсийн өдөр цагаан шоргоолжны нэгэн үүрнээс хатан зөгийг илрүүлжээ.
Судалгаанаас үзвэл, энэ төрлийн зөгий модонд үүрлэдэг цагаан шоргоолж ба модны давирхайтай нам дор газрын ойд амьдрах дуртай. Гэвч ойн модыг огтолж байгаа нь ийм төрлийн зөгий болон бусад төрлийн олон амьтдын амьдрах орчинд заналхийлэх болж. Судлаачдын хэлснээр, энэ удаагийн нээлтээр зөгийн амьдралын зуршлыг сайтар танин мэдэж, улмаар зөгийг устах аюулаас хамгаалахыг хүсэж байгаа ажээ.