Улсын Ерөнхий прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Отгонбаяр, хяналтын прокурор Н.Найгалдорж нар энэ сарын 19-23-ны өдрүүдэд Булган аймаг дахь Хорих 439 дүгээр хаалттай хорих анги, Орхон аймаг дахь 437 дугаар нээлттэй хорих анги, Дархан-уул аймаг дахь 435 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, 445 дугаар нээлттэй хорих анги, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь 413 дугаар нээлттэй хаалттай хорих анги, 433 дугаар хаалттай хорих ангиудын үйл ажиллагаатай танилцжээ.
Хорих ангиудын үйл ажиллагаа хуулийн шаардлагын хэмжээнд явагдаж байгаа боловч анхаарах зүйлүүд байна. Тухайлбал: Зарим хорих ангиуд гадуур хоригдлыг хэвтэн эмчлүүлэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албанаас бичгээр зөвшөөрөл аваагүй, хоригдлын сэтгэл зүйн нэгдсэн судалгаа хийгээгүй, цагдан хорих байрнаас зам шалгалтаар хоригдогч авч явахдаа аймгийн Ерөнхий прокурорын зөвшөөрөл аваагүй, Цагдан хорих байр нь стандартын шаардлага хангаагүй, гав бүхий сандал байрлуулсан хаалттай, энгийн хорих ангид тусгай зэрэглэлийн хоригдлууд үйлдвэрлэлийн бүсэд хамт ажил хийлгэдэг, шалгасан материалд зөрчлийн актыг бүрэн үйлдэж хэвшээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Танилцах ажиллагааны явцад Улсын Ерөнхий прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Отгонбаяр зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг, чиглэл өглөө. Мөн Улсын Ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан “Тусгай хайрцаг”-ний хэрэгжилтийг тус хорих ангиудад шалгаж, гэмт хэргийн шинжтэй 2 гомдлыг цагдаагийн байгууллагад өгч шалгуулахаар болсон байна.