Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун хуягт гал тэргээрээ Вьетнам-Хятадын хилээр нэвтэрч Донгданг өртөөнд өнөөдөр (2019.02.26) өглөө 09:20 цагт товлосон цагтаа ирж, түүнийг Лангшон мужийн эрх баригчид хүндэт харуулын хамт хүндэтгэн угтан авсан байна.
Тусгай шат суурилуулж, улаан хивс дэвссэн Донгданг өртөөний төмөр замын тавцан дээр Ким Жон Уныг Вьетнамын Засгийн газрын тамгын газрын дарга Май Тиен Зунг угтан авсан бол хүндэт зочдыг төмөр замын буудлаас гарахад БНАСАУ-ын төрийн далбааг барьсан сургуулийн сурагчид болон дотоод, гадаадын 100 гаруй сэтгүүлч хүлээн авчээ.
Ким Жон Ун “Mercedes-Maybach Pullman” машинаар Ханой хотноо ирээд буй аж. Харин Доналд Трамп өнөөдөр орой Вьетнамд очих юм байна.
БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт энэ сарын 27-28-ны өдрүүдэд болно.