-Маргааш нь суллах гэж байхад өөрийгөө егүүтгэнэ гэдэг хачирхалтай төдийгүй, нас биед хүрсэн эмэгтэй хүнийг дотуур хувцас (левчик) нь амиа алдахад хүртэл боох боломжтой юу гэдэг нь эргэлзээ төрүүлж байна-
ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид 48 цагийн хугацаатай хоригдсож байсан шүүгч эмэгтэй амь насаа алдсан хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарсан. Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шалгах явцад түүнийг их хэмжээний хээл хахууль авсан, бусдад зуучилж тараасан байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан сэжигтнээр тогтоон, 48 цагийн хугацаатай саатуулсан байсан юм.
Талийгаачийн ажлын байр, гэрт нэгжлэг хийж, баримтууд хураасан байсан бөгөөд одоогоор хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа учраас АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэнэ.
Л.Бямбаа нь ШЕЗ-ийн олон нийттэй харилцах албаны даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байгаад тэтгэвэрт гарч, “Консент” ХХН-ийг байгуулан өмгөөлөгч хийж байсан агаад дээрх гэнэтийн шалгалтыг өнгөрөгч долоо хоногт хийсэн байгаа юм. Шалгалтын явцад өрөөнөөс нь Салхитын мөнгөний ордтой холбоотой бичиг баримт илэрснээр цагдан хорьсон байна. Талийгаачтай хамт Салхитын мөнгөний ордын хууль ёсны эзэмшигч Ш.Мөнгөншагай болон хамаарал бүхий нэг хүнтэй хамт хоригдоод байсан юм.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт АТГ-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй нэр бүхий зургаан шүүгчийн асуудлыг хянан шалгаж, бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн. Тэдгээр зургаан шүүгч дотор талийгаач Л.Бямбаагийн хүү болох Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат байсан гэнэ.
ШШГЕГ-аас өнөөдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр талийгаач нь 2019 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 21:40 цагийн орчим ганцаараа байрлах хорих өрөөндөө өөрийн хувцсаар хоолойгоо боосон байдалтай амь насаа алдсан гэж байгаа. Одоогоор Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул мөн л дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.
Харин албан бус эх сурвалжийн мэдээллээр талийгаачийг амиа алдсаны нь маргааш өглөө суллах гэж байхад өөрийгөө ийнхүү егүүтгэнэ гэдэг хачирхалтай төдийгүй өрөөнд нь гадны нөлөөтэй боосон байж болзошгүй гэдгийг хэлж байна.
Мөн ШШГЕГ-аас түүнийг 21:40 цагийн орчим амиа алдсан гэсэн боловч нэрээ нууцлахыг хүссэн дээрх эх сурвалжийн хэлснээр “хорих ангид саатуулагдсан хоригдлууд оройн 22:00 цагт унтсан бөгөөд талийгаач шөнийн 00:10 цагт орноос өөрийгөө боомилж нас барсан байдалтай олдсон” гэнэ. Түүнчлэн боомилсон гэх хэрэгсэл нь дотуур хувцас буюу левчик байсан тул энэ нь түүний үхэл гадны нөлөөтэй байж магадгүй гэх хардлагыг бататгаж буй юм байх.
Үнэхээр ч хардлага төрүүлэх хэд хэдэн зүйл бий юм. Саатуулах байрны ачаалал дийлдэхгүй байна гэх атлаа талийгаач эмэгтэйг яагаад ганцааранг нь хорьсон. Дийлэнх тохиолдолд хэн нэг рецидивтэй, хэн нэг шийдчихсэн нөхөртэй хамт оруулж, сэтгэлзүйн дарамт үзүүлдэг, элдэв үг хэл сонсохыг хичээдэг гэдэгсэн. Мөн ШШГЕГ-ын мэдээллээр оройны 21:40 орчимд амиа алдсан юм бол нааш цааш хөлхөх хянагчид, камерын хяналт энэ үед яасан байв.
Албан бус эх сурвалжийн хэлснээр түр саатуулагдагсад 22:00 цагт унтахаар хэвтсэн бол үүнээс өмнө буюу талийгаачийг амиа егүүтгэх тэр цагт оройн тоо, тооллого явагдсан баймаар. Эсвэл 461 дүгээр хорих анги нь ийм хяналтгүй, үйл ажиллагааны доголдолтой байгууллага уу? Нөгөөтэйгүүр сэжигтэн нь гэрээслэл үлдээсэн гэж байгаа. Уг нь хэн нэгнийг хорьж саатуулахдаа бие дэх бүх эд зүйлсийг хурааж авдаггүй бил үү.
Тэрээр үнэхээр үхэхийг хүссэн бол үзэг, бал, харандаа гэдэг чинь левчиктэй левчикгүйгээр амиа егүүтгэчихэж болох хэрэгсэл байж бас мэдэх л юм. Гэхдээ л үүр цаймагц суллагдчих байсан хүн хорих анги дотор яаран сандран амиа тасдах шаардлага байв уу? Эцсийн бас нэг хардлага нь тэр чинь ЭХ хүн. Хүү нь бас саатуулагдахдаа тулчихаад байхад хүүдээ, үрдээ сэтгэл хоргоддоггүй ээж гэж байх уу.
Хичнээн харгис хатуу ЭХ байлаа ч, хүүгийнхээ хувь заяа хаашаа, хэрхэн эргэхийг мэдчихээд, боломж бололцоо олддогсон бол хуруу хумсны толионд ч тус дэм болохоор, үхэхдээ хүрдэг юм гэхэд хүүгийнхээ хэргийг өөртөө үүрчихээд үхчихэж бас болох байсан биш үү… Харин өөрөө өөрийгөө биш, хэн нэгэн түүний амийг егүүтгэсэн бол Хорих байранд ийн амиа хорлосон мэт харагдуулахаар зохион байгуулах нь хамгийн мэргэн санаа байж таарна. Эс бөгөөс хэрэг мандана шүү дээ.
Эх сурвалж: Нийгмийн толь