АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаанаас Хойд Солонгосын удирдагч Ким Жонг Унтай хийх дээд хэмжээний уулзалтын талаар мэдэгдэл хийлээ. Хоёрдугаар сарын 27,28-нд Вьетнамын нийслэл Ханойд болохоор товлогдсон хоёр улсын төрийн тэргүүний уулзалтын үеэр Америкийн талаас том хэмжээний хэлэлцээр хийхгүй гэж төлөвлөжээ. Гэхдээ бага боловч үр дүнтэй алхмуудад хүрнэ гэж найдаж байгаа юм. Учир нь талууд уулзалтыг хэр гүнзгий төвшинд явахыг урьдчилан таамаглаж чадахгүй байгаа юм. АНУ-ын талаас энэ уулзалтаар Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсооход талууд хамтран ямар арга хэмжээ авах талаар нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах аж.
Мөн Хойд Солонгосын Яангбонг дахь цөмийн реакторыг ил болгох болон хоёр улсын хооронд харилцааны оффисыг байгуулах тухай шийдэлд хүрэхээр эрмэлзэх аж. Харин Хойд Солонгосын талаас өөрийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын бүс байгуулах талаарх хэлэлцээрт гол анхаарлаа хандуулах аж. Удирдагч Ким Жонг Ун жил бүр шинэ жилийн үеэр ард түмэндээ хандаж хэлдэг мэдэгдлийнхээ үеэр “Манай улс цөмийн зэвсгийн хөтөлбөрийг өргөжүүлж ахин туршихгүй мөн цаашид үүнийг ашиглахгүй ” гэж зарласан юм. Гэвч АНУ-ын тагнуулын судалгааны тайланд Хойд Солонгос уг хөтөлбөрийг зогсоох ямар нэгэн алхам хийгээгүй гэсэн байна. Мөн цөмийн зэвсэг бүтээхэд ашиглагддаг материалуудыг их хэмжээгээр төвлөрүүлж байгааг уг хөтөлбөрөө цаашид улам өргөжүүлэхээр ажиллаж буйн илрэл гэж дүгнэжээ.
Өнгөрсөн зургаадугаар сард хоёр улсын төрийн тэргүүн Сингапурт анхны дээд хэмжээний уулзалтыг хийсэн юм. Энэ үеэр Хойд Солонгосын удирдагч Ким Жонг Ун АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампт хоёр улсын итгэлцлийг бий болгох үүднээс Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохоор амласан юм. Гэвч удалгүй талууд цөмийн зэвсгийн хөтөлбөрийг зогсоох асуудал дээр харилцан адилгүй санаачилгатай байгаа нь тодорхой болсон юм. Гэхдээ АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосыг урд хожид байгаагүй эдийн засгийн өндөр хөгжилд хүрнэ гэсэн итгэлээсээ буцаагүй байгаа аж. Үүнд нь туслахдаа бэлэн хэвээр байгаа бөгөөд зөвхөн тодорхой хэдэн асуудалд Хойд Солонгосын тал буулт хийх шаардлагатай гэсэн юм. Өнгөрсөн сард АНУ-ын тусгай төлөөлөгч Стефен Биегүн “Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө бүрэн зогсоох хүртэл АНУ-ын зүгээс эдийн засгийн хоригоо тавихгүй” гэж мэдэгдсэн байна.
Олон улсын шинжээчид энэ мэдэгдлийг “Хойд Солонгосын тал эхлээд ямар нэг арга хэмжээ авч буулт хийхгүй бол АНУ-ын зүгээс түрүүлж алхам хийхгүй” гэсэн утгатай гэж тайлбарлаж байсан юм. Үүнээс харахад хоёр улсын төрийн тэргүүний дээд хэмжээний уулзалт ахин Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөрийг зогсоох асуудалд төвлөрна гэж судлаачид үзэж байна. Хойд Солонгосын удирдагч уулзалтад оролцохоор тусгай тоноглосон галт тэргээр Вьетнамыг зорьсон юм. Тэрээр уулзалтын дараа БНХАУ-д зочилж төрийн тэргүүн Си Зинпинтэй уулзаж магадгүй аж.
Эх сурвалж: CNN