“British school of Ulaanbaatar” сургуулийн хуулийн зөвлөх Э.Билгүүнээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа.
-Өчигдөр шөнө Бритиш Скүүл рүү яагаад дайрсан юм бэ?
-Ц.Ариунаа, Ц.Амраа, Х.Батжаргал нар шоронд олон жил ял эдэлж яваад гарч ирсэн хүмүүс, танхай этгээдүүд, Босоо Хөх Монголынхон нийлсэн 200 гаруй хүн сургуулийн 4 талаас дайрч, хаалга эвдэж, дотогш орж өрөөнүүдийн хаалгыг эвдэж, их хэмжээний бэлэн мөнгө, санхүүгийн бичиг баримтууд, компютерийн процессор хулгайлж байгаад баригдсан. Хулгайлсан этгээд нь сургуулиас халагдсан Х.Батжаргалын жолооч, Ц.Ариунаагийн охин байсан. Цүнхтэй их хэмжээний бэлэн мөнгө, санхүүгийн бичиг баримтуудыг хулгайлуулсан нэг эмэгтэйг барьж чадаагүй. Компютерийн процессор хулгайлуулсан этгээдүүдийг цагдаагийн байгууллага газар дээр нь барьж, одоо саатуулан шалгаж байгаа.
-Ариунаа гэдэг эмэгтэй Петровисийн Оюунгэрэл сургууль дээрэмдлээ гээд уйлаад бичлэг хийгээд байсан ш дээ?
-Ц.Ариунаа нь хулгай хийсэн этгээдүүдийг зохион байгуулж байгаад цагдаад баригдангуутаа гэнэтхэн л гар утсаараа бичлэг хийгээд, уйлаад, худлаа ярьж эхэлсэн.
-Ямар зорилгоор?
-Ц.Ариунаа, Х.Батжаргал, Ариунаагийн төрсөн ах Ц.Амараа нар компаний санхүүгийн бичиг баримтууд, процессор, цүнхтэй зүйл хулгайлуулсан нь хулгайлсан нь цаад зорилго нь сурагчдын сургалтын төлбөрийг хувийн дансаараа авч, хувьдаа ашигладаг байсан олон зөрчлөө нуун дарагдуулах, нотлох баримтуудыг устгах зорилготой гэж хардаж байгаа. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа, удахгүй тогтоогдох байх.
-Хулгай хийсэн хүнийг цагдаагийнхан барьсан уу?
-Цүнхтэй зүйл хулгайлсан эмэгтэй баригдаагүй. Сургуулийн сурагчдын төлбөр, их хэмжээний бэлэн мөнгө, доллар байсан. Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж, шуурхай ажиллаж байгаа. Удахгүй баригдах байх.
-Петровисийн Ж.Оюунгэрэл сургуулийг эзэллээ гээд уйлаад байсан?
-Сургуулийг эзэлсэн асуудал огт байхгүй. Сургууль хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Сургууль 1 дэх өдрөөс ажилдагаараа хэвийн ажиллана.
-Хэн энэ сургуулийн албан ёсны захирал нь юм бэ?
-Х.Батжаргал нь Компаний Тухай Хуульд заасны дагуу 1 жилийн өмнө буюу 2018 оны 4-р сарын 05-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 01 тоот шийдвэрээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Оронд нь Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 01 тоот шийдвэрээр гүйцэтгэх захирлаар томилогдсон. Халагдчихаад 1 жил орчим ажлаа өгөхгүй, хууль бусаар ажиллаж байгаа.
-Яагаад шинэ захиралдаа ажлаа өгөхгүй байгаа юм бол?
-Маш олон зөрчил, хууль бус асуудлууд байгаа. Сурагчдын төлбөрийг хувийн дансаар, бэлнээр аваад сургуулийн үйл ажиллагаанд зарцуулдаггүй, хувьдаа их хэмжээгээг авсан байж болзошгүй асуудал байгаа. ХУД-ийн ЦХ-т гомдол гаргаж шалгуулахаар холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлж байгаа.
-Өмнөх захирал Х.Батжаргалыг ажлаас чөлөөлсөн ямар шийдвэр байгаа вэ?
-British School of Ulaanbaatar төлбөр өндөртэй сургуулиудын нэг. Зорилго нь сурагчдад дэлхийн жишигт нийцсэн чанартай боловсрол олгох. Эцэг эхчүүдийн хөлс, хөдөлмөрөөрөө олсон мөнгө хүүхдүүдэд, тэдний боловсролд, сургалтын чанарыг сайжруулахад нь зориулагдах болохоос эгч дүү, найз нөхдийн тансаг хэрэглээ, халаас руу орох нь буруу. Маш олон хууль бус ажиллагаа, асуудлууд байсан учир ажлаас нь 2018.4.05-ны өдөр чөлөөлсөн. Мөн ХУД-ийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2018 оны 12-р сарын 19-ний өдөр дугаар 183/ШШ2018/02867 тоот шийдвэрээр Х.Батжаргалын гүйцэтгэх захирлын эрх хэмжээ дуусгавар болсныг тогтоосон. Шийдвэр нь энэ байна.
-Ариунааг эрэн сурвалжлагдаж байгаа гэсэн гээд байсан?
-Сургуулийг үүсгэн байгуулахад Ц.Ариунаа, Ц.Амараа, Х.Батжаргал нар нэг ч төгрөг гаргаагүй, шаардагдах бүх хөрөнгийг хувьцаа эзэмшигч Ц.Оюунгэрэл гаргасан. Дээрх гурван хувьцаа эзэмшигч одоо эзэмшиж байгаа хувьцаандаа ногдох хөрөнгийг хувьцаа эзэмшигч Ц.Оюунгэрэлээс зээлээд өнөөдрийг хүртэл өгөөгүй, шүүхээс зугтаагаад, одоо эрэн сурвалжлагдаж байгаа.
-Танд баримт нь байгаа юм уу?
-Байна. Эрэн сурвалжлагдаж байгаа захирамж нь энэ байна.
-Ариунаа гэдэг хүн Хас Банкнаас зээл авч босгон хөрөнгөө дээрэмдүүлчлээ гээд байсан?
-Сургууль үүсгэн байгуулахад нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй дээрх гурван хувьцаа эзэмшигч нар 10 орчим жилийн хугацаанд ногдол ашиг нэг ч төгрөг хуваарилаагүй, хувьцаа эзэмшигч болохоод зээлсэн мөнгөө ч төлөөгүй. Арилжааны банкуудаас авсан зээлийн батлан даалтыг хувьцаа эзэмшигч Ц.Оюунгэрэл батлан дааж авч өгсөн. Өөрсдөө зээл авсан асуудал байхгүй.
-Багш ажилчдыг зодсон, хүч хэрэглэсэн асуудал ямар учиртай вэ?
-Багш ажилчдад хүч хэрэглэсэн асуудал огт байхгүй. ХУД-ын эргүүлээр ирсэн цагдаагийн албан хаагч нар хажууд байсан. 2018 оны 2-р сарын 26-ны бямба гаригт дээрх гурван этгээдүүд сургуулийн дотоод мэдээллийн сүлжээг ашиглан сургуулийн бүх багш, ажилчдад та нарыг бүгдийг нь халсан байна гэдэг худал мэдээлэл тарааж, амралтын өдөр сургууль руу дуудаж, үймээн самуун үүсгэх гэж оролдсон. Худлаа мэдээлэл тараасныг, сургуулийн багш, ажилчдаас хэнийг нь ч халаагүйг мэдээд тарцгаасан.
-Ариунаа гэдэг хүн сургуульд ямар албан тушаал эрхэлдэг вэ?
-Ариунаа нь сургуульд ямар нэгэн албан тушаал эрхэлдэггүй. Өөрийгөө ТУЗ-ийн дарга гэж бусдад танилцуулдаг. Компаний дүрэмд ТУЗ гэж байхгүй учир ТУЗ-ын дарга гэх ойлголт байхгүй юм.
-Цаашид сургууль хэвийн ажиллах уу? Маргааш хичээл эхлэх үү?
-Компаний үйл ажилллагаа хэвийн үргэлжилнэ. Компаний хөрөнгөөс их хэмжээний мөнгө хувьдаа шамшигдуулсан асуудлаар Х.Батжаргал, Ц.Ариунаа, Ц.Амраа болон холбогдох этгээдүүдийг цагдаагийн байгууллагад шалгуулна, хангалттай нотлох баримтууд байгаа.
-Цаашид энэ маргааныг яаж шийдвэрлэх вэ?
-Бүх зүйл хуулийн дагуу л байх ёстой. Сургуулиас хулгайлсан сурагчдын мөнгөөр иргэний хөдөлгөөнүүд, шоронгоор олон жил явсан этгээдүүдийг санхүүжүүлж, сургуулийн барилга руу дайрч, сургуулийн хаалга эвдүүлж, хулгай хийсэн ул мөрөө баллаж, бичиг баримтууд, компютерийн процессор, цүнхтэй их хэмжээний мөнгө хулгайлсан үйлдлүүд нь асуудлыг шийдвэрлэх зөв шийдэл биш юм. Эхнээсээ эрүүгийн хэрэг үүсээд шалгагдаж байна. Өөрсдийн хууль бус үйл ажиллагаа нуун дарагдуулахын тулд мөрөөрөө явж байгаа залуучуудыг гэмт хэрэгтэн болгож байх шиг байна. Сурагчдад зориулагдах ёстой байсан хулгайлсан мөнгөөрөө цаашид юу ч хийж магадгүй байгаа. Хулгайгаа нуухын тулд их л зүйл хийх байх. Монгол улсад хууль үйлчилдэг л удахгүй бүх зүйл тодорхой болно.
-Гадаад багш нарыг дарамталж, биед нь халдсан асуудал байгаа гэсэн?
-Ц.Ариунаагийн хөлсөлж авсан дээрх этгээдүүд энэ бүхнийг зохион байгуулж байгаа. Хар хувцас өмссөн дээрх этгээдүүд гадаад багш нарын амгалан тайван байдлыг алдагдуулж, өдөржин, шөнөжин байрных нь гадаа байсан. ХУД-ын цагдаагийн хэлтэст гомдол гаргаж дээрх этгээдүүдийг тараасан. Одоо аюулгүй, цагдаагийн байгууллагатай тус сургуулий зүгээс хамтарч ажиллаж байгаа. Цаашид ийм үйл явдал дахиж болохгүй. Даваа гаригт хичээл эхэлдгээрээ эхэлнэ, сургуулийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ, албан ёсны захирал Б.Ерөөлт сургуулийг удирдаж ажиллаж байгаа.
Б.Аз