Албан тушаалын хаялгаар “гар тослогчид”-ыг авлигачин гэнэ. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай авлигыг “гар тослох” гэж хэлсэн байгаа юм.
Харин тэрхүү авлигачдыг албан бусаар тул, жараахай хэмээн ангилдаг. Тул гэж тэрбум тэрбумаар нь халаасладаг их гарын авлигачныг хэлж байгаа юм. Харин жараахай нь төрийн албыг хүнд сурталжуулан “гар тосолдог” хурган дарга, мэргэжилтнүүдийг нэрлэнэ.
Тэгэхээр авлигачныг илрүүлнэ, барина гэдэг далайгаас загас шүүрдэх адил болж таараад байгаа юм.
Яахав, АТГ, прокурорынхон яаж ийгээд тул, жараахай тасралтгүй шүүрдээд байгаа харагддаг. Хэрэг нээж, мөрдөн шалгаж, гэмт үйлдлийг тогтоон, яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлж байна.
Харамсалтай нь өнөөх тул, жараахайнууд нь шүүх дээр очоод цагааддаг, эсвэл шийтгүүлсэн болоод явж одно.
Энэ үгтэй маргах хэрэггүй юм. Маргаж эсэргүүцэх боломж ч байхгүй.
Хэдэн тоо хэлье.
2017 онд АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн 106 хэргээс 46-г, 2018 онд 224 хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр прокурорт шилжүүлснээс 84-ийг нь шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн байна.
Өөрөөр хэлбэл, шүүхэд шилжүүлсэн нийт авлигын хэргийн 37.5-43.3 хувь л эцэслэн шийдэгддэг гэсэн тоо гарч ирж байгаа юм.
“Гар тосолсон” тул, жараахай нарт шүүхийнхэн энэрэнгүй зөөлөн сэтгэл гаргана. Өгч байгаа ял шийтгэлээс нь энэ тодорхой харагдана.
Өнгөрсөн онд олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг олгохын тулд аж нэгж, хуулийн этгээдээс ажлын байран дээрээ 57.5 сая төгрөгийн хахууль авч байгаад баригдсан АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярт шүүхээс 6.5 сая төгрөгөөр торгох ял оноосон.
БСШУСЯ-ны Санхүүгийн газрын даргаар ажиллаж байхдаа 90.7 сая төгрөгийг хувьдаа завшсан Д.Батмагнай Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс Д.Батмагнайд 9.5 сая төгрөгийн торгууль оногдуулсан байна.
Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Нарангэрэлд албан тушаалын байдлаа ашиглаж 13.4 сая төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт шүүхээс нэг жилийн тэнсэн харгалзах ял оногдуулсан.
2018-2019 оны хичээлийн жилд “Шинэ эхлэл”-ийн зургадугаар ангид элссэн Н-ыг тус сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцүүлснийхээ төлөө ээжээс нь энэ оны зургадугаар сарын 23-нд 10 сая төгрөгийн хахууль авсан тус сургуулийн захирал Л.Эрдэнэд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ.
Энэ юу ч биш. Дайны эрсдлийн даатгалын 700 сая ам.долларыг угааж 9.1 тэрбум төгрөг завшсан МИАТ-ийн захирлуудад анхан шатны шүүхээс Б.Эрдэнэбилэгт 14 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Ч.Хоролсүрэнгийн дүү, “Монголиан эйрлайнс” группийн захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сарын хорих ял тус тус оноож бөөн сүр дуулиан болж байв. Гэтэл Улсын дээд шүүхээс тэдний ялыг бууруулж, нөгөөдүүл нь хоёр жил орчим “суугаад” гараад ирсэн байдаг юм.
Шүүхийн энэ шийдвэрт тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл гайхаж, нүд нь орой дээрээ гарах шахаж байв.
Өдгөө АТГ, прокуророос мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, Эрчим хүчний сайд асан М.Сономпил, Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийг шүүх бараг л нэг өдөр бүгдийг нь мөрдөн байцаалтад буцаалаа. Ямар санаатай, яах гэж байгааг бүү мэд.
Мөн Оюутолгойн гэрээний хэргээр баривчилсан Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг олны ам хаах гэж байгаа юм шиг ёс болгож ганц хоёр сар цагдан хориод гаргачихна. Бас бус хүмүүсийг хорьсон болоод гаргадаг. Ийм шийдвэрийг шүүх л гаргадаг.
Юутай ч энэ мэтээр АТГ, прокурорын арай гэж шүүрдсэн тул, жараахай нарыг шүүхээс ялыг нь хөнгөрүүлж, цагаатгах шахаад гаргадаг байдал ил тод харагдаад байгаа юм.
“Спорт загасчлал” гэж бий. Уурга дэгээгээ шидэж, уралдаж загас барьцгаадаг. Тул барьсан уу, жараахай барив уу гэдгээ ч үздэг. Гэхдээ барьсан загасаа шарж иддэггүй. Барьж таашаал авчихаад буцаагаад тавьчихдаг.
Түүн лүгээ албан тушаалын хаялгаар “гар тослоод” баригдсан авлигачдыг шүүн таслах тал дээр шүүхийнхэн “спорт загасчлал” хийгээд байна уу даа гэж хардахаар байгаа юм.
Эх сурвалж: