УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн бүрэн эрхийн дагуу санаачлан боловсруулсан “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого”-д төвлөрлийг сааруулж, шийдвэр гаргахад бүх талын оролцоог нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хангах, нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх талаар заасан байдаг.
Иймд мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны зохион байгуулалт, чиг үүрэг, эрх зүйн байдлыг тодорхойлох, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, харилцахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар уг хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл нь 4 бүлэгтэй бөгөөд
-мэргэжлийн нэгдсэн холбооны тогтолцоо, зохион байгуулалт, чиг үүрэгт түүний үйл ажиллагаа болон гишүүдэд тавигдах шаардлагыг тодорхойлж, гишүүнчлэлийн дийлэнх олонхи нь мэргэшсэн төрийн бус байгууллага, хувь хүн байхаар;
-тодорхой салбарын хэмжээнд нэг мэргэжлийн холбоо үйл ажиллагаа явуулах ба оноосон нэрний ард “МНХ” гэсэн тодотголтой байх, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг баталгаажуулахын тулд тухайн холбоо нь улсын бүртгэлд бүртгүүлэхээсээ өмнө салбарын яамандаа холбогдох материалыг хүргүүлж, Сайдын зөвлөлөөр зөвшөөрөл олгох, эсэхээ шийдвэрлэсний дараа улсын бүртгэлд бүртгүүлэх; -мэргэжлийн нэгдсэн холбоо, төр хоорондын хамтын ажиллагааны чиглэлийг тусгаж, энэ хүрээнд төрөөс мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах зэрэг зохицуулалтыг тусгасан байна.
Манай улс анх 1997 онд Төрийн бус байгууллагын тухай хуулийг баталсан бөгөөд 2017 оны байдлаар 27.000 гаруй төрийн бус байгууллага Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар бүртгэгдсэнээс 8000 орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 2019.02.20