Хуулиар эрх олгогдоогүй этгээд татвар, төлбөр, хураамжийн хувь, хэмжээг тогтоох, өөрт олгогдоогүй эрх эдлэх, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй, эрх зүйн хувьд хүчин төгөлдөр болоогүй шийдвэрээр иргэд, аж ахуй нэгжээс төлбөр, хураамж авч Төрийн санд бүртгэлгүй дансанд төвлөрүүлэх зэрэг зөрчлүүд аймаг, нийслэл, сум, дүүргүүдэд түгээмэл байна.
Авлигатай тэмцэх газраас дээрх хууль бус тушаал, шийдвэрүүдийг Авлигын эсрэг хуульд заасны дагуу хянан үзэж, авлига гарах нөхцөл, боломж бүрдүүлсэн гэж үзэн хүчингүй болгуулах арга хэмжээг шат дараатай авч буй юм.
Тухайлбал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлд “хуульд заасан хязгаар, шаардлагад нийцүүлэн орон нутгийн зарим татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно”, Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 7.3-т “Ус ашигласны төлбөрийн хувь, хэмжээг хуульд заасан хязгаарт багтаан Засгийн газар, рашаан ашигласны төлбөрийн хэмжээг хуульд заасан хязгаарт багтаан аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тус тус тогтооно” гэж заасныг тус тус зөрчиж Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоох тухай” 31 дүгээр тогтоолоор ус, рашаан, ан амьтныг эзэмших, хөрс, байгаль ариутгах гэх мэт 31 төрлийн тэмдэгтийн хураамж хэмжээг 2000-420000 төгрөгийн хооронд тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, хуулиар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоох ёстой төлбөрийн хэмжээг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тогтоожээ.
Хэнтий аймгийн хэмжээнд 15 тогтоолыг хүчингүй болгох албан бичгийг Авлигын эсрэг хуулийн хүрээнд хүргүүлсэн ба одоогоор аймгийн ИТХ, ИТХТ-ээс гаргасан дараах тогтоолуудыг хүчингүй болгож хариу ирүүлсэн байна. Үүнд:
-Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” 31 дүгээр тогтоол,
-Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоох тухай” 31 дүгээр тогтоол,
-Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны4 дүгээр сарын 25-ны өдрийн “Мал эмнэлгийн ажил үйлчилгээний төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 49 дүгээр тогтоол,
-Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны 58 дугаар тогтоолоор 2013 оны 04 сарын 25-ны өдрийн “Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоох болон журам батлах тухай” 47 дугаар тогтоол,
-Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны 59 дугаар тогтоолоор 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Малын үржлийн ажил үйлчилгээний төлбөрийг шинэчлэн тогтоох тухай” 24 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгосон байна.