Жорж Сорос “Европ, сэрэгтүн” нэртэй нийтлэлээрээ Европын удирдлагуудад уриалга гаргалаа. Уг нийтлэлдээ тэрбээр одоо болж буй гол асуудлыг нэрлэсэн байна.
“Европ мартагдах тийшээгээ явж байна. Тиймээс Европын ард түмэн хэтэрхий оройтохоос өмнө сэрэх хэрэгтэй байна. Хэрвээ тэд сэрэхгүй бол Европын холбоо 1991 оны ЗСБНХУ-ын замаар явна шүү” хэмээн Сорос үзжээ.
Түүний үзэж байгаагаар өдгөө энгийн иргэд нь ч, удирдагчид нь анзаарахааргүй хамгийн чухал үе дээрээ ирээд байгаа гэнэ. Энэ мөч гэдэгт нь тавдугаар сард болох Европарламентын сонгууль гэж үзсэн байна.
Сонгуульд европын нэгдлийг эсэргүүцэгчид ялж магадгүй. Ингэвэл “Нэгдмэл Европын тухай мөрөөдөл XXI зууны аймшиг болон хувирч магадгүй”.
Ийм прогноз гаргасан нь намын хуучирсан системтэй холбоотой гэнэ. Өдгөө Европын холбооны улс төрийн хүчнүүд Европыг дэмжигчид болон эсэргүүцэгчид гэж хоёр хуваагдаад байгаа. Тухайлбал, Германд “ногоонтнууд”-ын нам Европыг үе шаттайгаар дэмжиж байгаа цорын ганц нам гэж Сорос үзжээ. Харин Европын ардын намыг зарчимгүй хэмээн буруутгаж, тэрбээр хамгийн ноцтой аюул заналхийлэл гэж нэрлэж байна.
Улс төрийн товчоо зааврыг л дагадаг
Уламжлалт намуудын чадамжгүй байдаас гадна Европын холбооны гэрээг өөрчлөх бараг боломжгүй, Европын холбоог үндэслэсэн зарчмыг зөрчиж буй улс орнуудыг эмх журманд оруулахыг уриалсан эрх зүйн хэрэгсэл хүрэлцээгүй гэж Сорос үзжээ. Энэ бүгд Европын үндсэн үнэт зүйлсийг өөрчлөхийг хүссэн хүн бүрт таатай боломж үүсгэж байна гэжээ.
Сорос Европын Холбооны өнөөгийн удирдлагуудыг Европыг задрахаас хамгаалах чадвартай гэдэгт итгэхгүй байна. Үүнийгээ тэрбээр ЗСБНХУ-ын төгсгөл үеийн Улс төрийн товчоотой зүйрлэжээ.
Тиймээс ч Европыг дэмжигч намуудыг хувийн эрх ашгаас илүүтэй Европын ашиг сонирхлыг дээр тавьж, сонгуульд ялахыг тэрбээр уриалсан байна. Британийн “Financial Times”-аас нээлттэй нийгэмлэгийн тэмдгийг хариуцагч хэмээн нэрлэсэн Сорос гайхалтай нь Европын гадна, дотны дайснуудын асуудалд ч анхаарлаа хандуулжээ.
“Европыг дотоод, гадаад дайснуудаас хамгаалах хамгийн эхний арга бол тэдний төсөөлөлд байгаа аюул заналхийллийн хэмжээг мэдэх явдал юм” хэмээн Сорос өгүүлжээ.
Хоёрдугаарт, Европыг дэмжигч, чимээгүй байгаа олонхийг сэргээж, Европын холбоог үүсгэсэн үнэт зүйлсийг хмагаалахын тулд тэднийг хөдөлгөх хэрэгтэй гэж санхүүч онцлон тэмдэглэсэн байна. Сорос 2016 онд ч мөн ийм мэдэгдэл гаргаж байсан юм.
“Шар хантаазтанууд” аюул заналхийллийн хувьд
Сорос Европын удирдагчдад анхааруулга гаргаж байгаа нь тийм ч үндэслэлгүй асуудал биш юм. Европарламентын сонгууль ойртож байгаатай зэрэгцэн барууны радикал хүчнүүд дээш гарах хүсэлтэй байгаа нь улам л илт боллоо. Үүний тод жишээ бол Франц, Италийн хоорондын харилцаа муудсан явдал юм.
“Таван од хөдөлгөөн”-ий тэргүүн, Италийн Шадар сайд, Эдийн засгийн хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлогын сайд Луижи Ди Майо Францын “шар хантаазтанууд”-ын төлөөлөгчидтэй уулзалт хийсэн билээ. Уулзалтын үеэр сонгуулийн кампанит ажлаар хамтарч ажиллах асуудлыг хэлэлцсэн байна.
Уулзалтын үр дүнгээр Италийн улстөрч “Өөрчлөлтийн салхи Альпаас эхлэн сэвэлзлээ” гэж Твиттертээ жиргэсэн аж. Тэгэхээр “Таван од”, “шар хантаазтанууд” Европ дахь уламжлалт улс төрийн бодлогын эсрэг нэгдэн нягтарч ажиллахыг хүсч байгаа нь илт байна.
Италийн улстөрчдийн “шар хантаазтанууд”-тай хийсэн уулзалт Парисыг нэлээд бухимдуулаад авав. Учир нь Ерөнхийлөгч Эммануэль Макрон эсэргүүцэгчдийг гудамжнаас тарааж чадахгүй байгаа юм.
Энэхүү эсэргүүцлийн улмаас Францын одоогийн засгийн рейтинг доод түвшинд хүртлээ унасан нь Европын холбоон дахь “системгүй” хүчнүүдэд үлгэр жишээ болжээ. Юуны түрүүнд үндсэрхэгүүд цагаачлалын их урсгалтай холбоотой асуудлаар үндэсний парламентдаа олон суудал авч эхлээд байна.
Франц, Италийн хоорондын зөрчилдөөнөөс гадна эдийн засгийн зөрчилдөөн хурцдаж эхэлсэн тухай Европын хэвлэлүүдэд тэмдэглэжээ. Италийн засаг захиргаа эдийн засгийн өсөлтөө дэмжихийн тулд төсвийн алдагдал, улсын өрөө нэмэгдүүлэхэд бэлэн байна. Харин Евро комисс ийм арга хэмжээ явуулахыг эсэргүүцэж, төсвийн зарчмыг зөрчих юм бол хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлжээ.
Гэхдээ хэргийн гол учир нь Италийн улсын өрийг гол эзэмшигч нь Францын банкууд бөгөөд Итали улс санхүүгийн үүргээ биелүүлэхээс татгалзаж эхэлбэл Францын банкууд орлогынхоо нэлээд хэсгийг алдах эрсдэлтэй юм.
Энэ бол Парис, Ромын харилцаа хүйтэрч буй хангалттай шалтгаан болоод байна.
Авлигын асуудал
Европт Европын холбооны задралыг түргэсгэж болзошгүй цөөнгүй асуудал бий. Испанид дөрөвдүгээр сарын 28-нд ээлжит бус сонгууль зарлажээ. Энэ талаар хоёрдугаар сарын 15-нд Ерөнхий сайд Педро Санчем мэдэгдсэн юм. Тус улсын парламентын гишүүд улсын төсвийн төслөө дэмжээгүйгээс болж одоогийн парламентаа тарааж байгаа гэнэ. Төсөвт оны турш 473 тэрбум евро зарцуулна гэж тооцжээ.
Испанийн жишээ бол одоогийн намын систем асуудалд орсон, Европын холбоог задалж мэднэ гэж Соросын тайлбарласан бас нэг асуудал юм. Санчес өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн цөөнхийн (парламент дахь 350 суудлын 84) Засгийн газрыг тэргүүлж байгаа. Социалистуудын шинэ Засгийн газар өмнөх буюу Ардын намын тэргүүн Мариано Рахой авлигын дуулианы улмаас парламентын үл итгэлцлийг авснаас хойш гарч ирсэн юм. Мөн Каталоны 12 улстөрч бүс нутгаа Испаниас салан тусгаарлуулах асуудлаар бүх нийтийн хууль бус санал хураалт зохион байгуулсан хэргээр буруутгагдан, хэрэг нь шүүхэд шилжээд байгаа билээ. Тухайн үед Каталоныг тэргүүлж байсан Карлес Пучдемон одоог хүртэл Бельгид орогнож байна.
Европын холбооны тэргүүлэх хоёр гүрэн болон Герман, Британи ч дарамт шахалт нэмэгдэж байна. Герман улс цагаачлалын хямралаа даван туулж чадахгүй байгаа бол Их Британи бол Европын холбооноос салах гээд ч үр дүнд хүрэхгүй яваа юм. Ийм үед мэдээж Европын холбоог эсэргүүцэгчид нэмэгдэх нь гарцаагүй билээ.
Эх сурвалж: www.gazeta.ru