87 сая хэрэглэгчийнхээ мэдээллийг “Cambridge Analytic байгууллагад өгсөнтэй холбогдуулан Фэйсбүүк-ийг АНУ-ын Худалдааны комисс хэдэн тэрбум ам.долларын торгууль оногдуулахаар ажиллаж байна” гэж Washington Post мэдээлжээ.
Худалдааны комисс хэрэглэгчийнхээ мэдээллийг гуравдагч талд дамжуулсан Фэйсбүүкийг 2011 онд хийсэн зөвшилцлөө зөрчсөн гэж үзэж буй аж.
Худалдааны комисс хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой хамгийн өндөр торгуулийг 2012 онд Гүүглд оногдуулж, 22.5 сая ам.доллар байжээ. Хэрэв Фэйсбүүкт тэрбум ам.доллароор хэмжигдэх торгууль оногдуулбал энэ нь технологийн компанид оногдуулж буй хамгийн өндөр дүнтэй торгууль болох гэнэ.
Одоогоор торгуулийн дүн тодорхойгүй байна. Фэйсбүүк 2018 оны 4-р улиралд 16.9 тэрбум ам.долларын орлого олж, 6.9 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллажээ. Ямартай ч энэ торгууль Фэйсбүүкийн бизнесийн загварт өөрчлөлт оруулах магадлалтай байгаа гэнэ.
Фэйсбүүкийн зүгээс Washington Post-ын мэдэгдэлд шууд хариу өгөхгүй байгаа бөгөөд “Бид Худалдааны комисстой хамтран ажилласаар байна” гэж хариулжээ.
Эх сурвалж: The Guardian