2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хороо Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг тодорхойлох, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай, Хэмжил зүйн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүд болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн талаар санал, дүгнэлт гаргаж хэлэлцүүлэх, зарим салбарын сайд нарыг томилох, чөлөөлөх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
Тайлант хугацаанд Байнгын хороо 13 удаа, ажлын хэсгүүд 30 гаруй удаа хуралджээ.
Хууль тогтоох үйл ажиллагааны талаар: 2018 оны намрын чуулганы хугацаанд Байнгын хороо давхардсан тоогоор 20 орчим асуудал хэлэлцэж, тэдгээр асуудлаар нийтдээ 18 санал дүгнэлт, танилцуулга бэлтгэн гаргаж, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний зэрэгцээ хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх чиглэлээр 9 ажлын хэсэг байгуулан ажилуулсан байна.
Ээлжит чуулганы хугацаанд нийт 5 тогтоолыг эцэслэн батлаж, Олон улсын 1 гэрээ, хэлэлцээрийн төслийг зөвшилцсөн аж. Түүнчлэн нэг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, найман хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн байна.
Бусад ажлын талаар: Валютын ханш, бензин, шатахууны үнийн асуудлаар Засгийн газар, Монголбанканд чиглэл өгөх шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, уг шийдвэрийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн баталсан.
Ипотекийн зээл олголтын байдал, цаашид авах арга хэмжээний талаарх Барилга, хот байгуулалтын сайдын мэдээлэл сонссоны дагуу “Ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар чиглэл өгөх тухай” Байнгын хорооны шийдвэрийн төслийг боловсруулан батлаж, Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох үүрэг чиглэл өгөв.
Санхүүгийн зах зээлийн зөвлөл болон Олон улсын аудитын компани “Прайсуотерхаус Куперс аудит ХХК” (PWC)-тай хамтран “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх орчныг сайжруулах чиглэлээр хийж байгаа алхамууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр Монголбанк, Сангийн яам, Хууль зүй, Дотоод хэргийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын даатгагчдын холбоо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, Монголын барилгын үндэсний ассоциаци болон арилжааны банкны төлөөллүүдийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
Монголбанктай хамтран “Макро эдийн засгийн бодлогын шинэ хандлагууд” сэдэвт хэлэлцүүлгийг Монголбанк болон эрдэмтэн, судлаачид, арилжааны банкны төлөөллүүдийг оролцуулан зохион байгуулсан байна.
Алт олборлолтын байдал, цаашид авах арга хэмжээний тухай УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын мэдээллийг сонсож, тулгамдсан асуудлуудаар үүрэг, чиглэл өгсөн юм.
Байнгын хороонд хандаж Төрийн болон бусад байгууллага, хуулийн этгээд, иргэдээс нийт 100 гаруй албан бичиг ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэн, хариуг холбогдох байгууллага, иргэдэд хүргүүлжээ. Мөн хугацаанд Байнгын хорооноос 11 тогтоол гаргасны зэрэгцээ Засгийн газар, яам, бусад байгууллагад нийт 39 албан бичиг хүргүүлээд байгаа аж.
Ээлжит чуулганы хугацаанд батлагдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хувийн хэрэг 5 нэгж, хуралдааны протокол 2 нэгж, албан бичиг 3 нэгжийг тус тус бүрдүүлж, архивт хүлээлгэн өгөөд байна.
Эх сурвалж: Эдийн засгийн Байнгын хорооны Ажлын алба