2002 онд Норфолкийн нэгэн хог түүгч Майкл Кэррол Британийн сонинуудын тэргүүн хуудсанд залрах болжээ. 9,7 сая фунт буюу 13 орчим сая долларыг лотоноос хожсон тэрбээр ганцхан цагийн дотор л баячуудын эгнээнд шилжих нь тэр. Гэвч энэ үйл явдлаас хойш 10 жилийн дараа гэхэд тэр өмнөх амьдралдаа эргэн орж, нүүрс зөөж, түлээ хагалж, цагийн 10 фунтын орлогоор амь зогоож байна. Тэгвэл тэрбээр ийм их хэмжээний мөнгийг яаж үрэн таран хийв ээ.

Майкл их хэмжээний мөнгө авсан даруйдаа шинэ шилтгээндээ орой бүр үдэшлэг зохион байгуулж, нуур далай шиг их хэмжээний архидалт, мансууруулах бодис хэрэглэх болжээ. Мэдээж ийм байдлаар мөнгөө үрвэл хэчнээн баян хүн ч амархан хоосрох нь ойлгомжтой. Энэ байдлаар үргэлжилсээр өнөөдөр 35 настай Майкл түлээ хагалж, нүүрс зөөж, цагт 10 фунт олж амьдарч байна.

Өдгөө Майклын ажлын өдөр өглөөний 6 цагаас эхэлж, 12 цаг үргэлжилдэг болжээ. “Би 50 кг-ын шуудайтай нүүрс зөөж, мод галаж байгаа. Миний 10 сая фунт 10-хан жилийн дотор алга болсон. Одоо надад орон гэр, машин ч алга. Гэхдээ би юунд ч харамсахгүй. Амархан орж ирсэн мөнгө амархан алга болдог юм билээ. Одоо би өдөр 150 шуудай нүүрс зөөх нормтой. Заримдаа надад цайны мөнгө гэж хэдэн фунт өгдөг. Тэр нь ч инээдтэй жаахан юм. Үүнээс гадна өдгөө намайг хэн ч танихгүй. Яагаад гэвэл миний царай үргэлж л нунтаг нүүрсэнд будагдаастай явдаг. Гэхдээ миний биеийн галбир муугүй болсон шүү. Хэдэн жилийн өмнө би 140 кг жинтэй байсан. Харин одоо 100 ч хүрэхгүй. Амьдрал дээр бүх зүйл мөнгөөр хэмжигддэггүй юм. Би энэ ажилдаа эргэн орсноос хойш өмнө нь огт байгаагүйгээрээ аз жаргалтай болсон. Дампуурсан нь миний амьдралын хамгийн зөв зүйл байлаа” хэмээжээ.

Майкл лотоноос 9,7 сая фунт хожих үедээ 19 настай байлаа. Тухайн үед тэрбээр согтуугаар байнга агсам тавьдаг хэргээр цагдаа нарын хяналтад байжээ. Харин мөнгө хожсоноос хойш агсам согтуу тавих нь байнгын зүйл болж, баян байх хугацаандаа 30 гаруй удаа шүүхэд дуудагдсан удаатай.

Шүүх хуралд ирэхдээ ч тэрбээр алтан гоёл чимэглэл зүүсэн, спорт машинтай нөхөр ирнэ. Мөн замаар явахдаа бургер, наггетсын үлдэгдлээ хүмүүс рүү шидэж, түүгээрээ муу нэр авч байлаа. Тэрбээр өдөрт 10 000 фунт үрдэг, 4000 эмэгтэйтэй унтаж чадсан гэдгээ олон ч ярилцлагаараа гайхуулан ярьжээ.

Харин 2012 он гэхэд Майкл сохор зоос ч үгүй үлдсэнээ мэджээ. Удалгүй 10 милийн зайд орших бүх уушийн газрууд түүнийг оруулахаа больсон байна. Ингээд өдөр хоногийн аргацаан өнгөрүүлэх болсны улмаас байгаа бүх хөрөнгө зарж дуусгажээ.

Харин амьдралаа дахин шинээр эхлүүлэх хүсэлдээ автсан Майкл Шотландын Элгин хотод нүүж ирж, энэ ажилдаа орсон байна. Өдгөө тэрбээр нэг өрөө байр хөлслөн ганцаараа амьдарч, ажилдаа явган явж хүрдэг болжээ.

Майкл өдгөө лото бараг тоглодоггүй. Гэхдээ дахиад ийм их хэмжээний мөнгө хожих юм бол амьдралын хэв маягаа өөрчлөхгүй гэжээ. “Би их хэмжээний мөнгөтэй болсон ч урьдын адил өглөө 6 цагт ажилдаа ирсээр байх болно. Ингэж л таагүй бүхнээс сэргийлнэ” хэмээн тэрбээр хэлсэн байна.

“Хүмүүс надаас ийм их хэмжээний мөнгө алдах ямар байна гэж байнга асуудаг. Хариуд нь би “Би алдаагүй ээ, үрчихсэн юм” гэж хэлдэг” хэмээн тэрбээр өгүүлжээ.

By updown

3 thoughts on “Лотоны ялагч хэдхэн жилийн дотор бүх зүйлээ алджээ”
  1. цагийн 10 паунд гэж… баян орны гуйлгачин нь хүртэл манайхны мэргэжилтэй хүнээс ч илүү цалинтай аан

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн